
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.21) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад 05 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр хүсэлт ирүүлснийг танилцуулав. Уг албан бичигт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг 05 сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт тавьсныг дурдсан. Иймд уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.
Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байна.
Эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс төсвийг алдагдлыг бууруулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг дурдаад 2020 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь хүртэл бууруулах боломж бий эсэх, Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв санд нийт хэчнээн төгрөгийн хуримтлал үүсэхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн зээлийн хүүг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа эсэхийг илүүтэй лавласан.
Төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээгээр ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувь байна гэж тооцсон. Төсвийн алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээний эрсдэлүүд үүсэх магадлалтай тул ингэж тооцож оруулсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцолсон. Мөн тэрбээр, Төсвийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сангууд маань өртэй байсан бол 2019 оноос Ирээдүй өв сан өргүй болж эхэлнэ. Иймд уг санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд гаруй төгрөг хуримтлагдана гэж тооцож байгаа гэв. Түүнчлэн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдгийг дурдаад 2016 онтой харьцуулахад зээлийн хүү 3 пунктээр буусан. Улсын Их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад нь 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон. Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулж байсан.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.