Шууд Chart

Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019-05-21 14:51:23

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.21) хуралдаанаар Засгийн газрраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.   

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах  гишүүн байсангүй. 

Мөн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2020 оны стратегийн баримт бичиг батлах тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтыг Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн шаардлагад нийцүүлэх үүднээс хавсралтын “Агуулга” -ыг хасаж, “Өмнөтгөл” хэсгийг нэрийг “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2020 оны стратегийн баримт бичиг” гэж өөрчлөх, мөн төслийн агуулга, бодлого, зарчмыг алгдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийх” гэсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд "Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын  Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Монгол Улсын Ерөнхий аудиторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэсэн зохицуулалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйг дурдаад Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг баримталж ирсэн гэж байлаа.

Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагдаж байгаа бөгөөд ТӨ-IVA-д заасан Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адилтгасан байна. 

Төсөл боловсруулахдаа “Монгол Улсын прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоог тухай” УИХ-ын 2016 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 15 хувиар бууруулж, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын суурь цалингийн хэмжээг тооцсон гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцлов.

Тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагыг мэргэжлийн чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлэх, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх аудит хийх, мэргэжлийн өндөр түвшинд дүгнэлт гаргадаг болох ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, хараат бус байдал хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ   
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй