Шууд Chart

Тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ

2019-05-21 16:59:05

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн. Тухайлбал, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, цагдаагийн байгууллагын мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлж; үндэсний стандартыг шинээр боловсруулж, орон нутгийн стандартын байгууллагын чадавхыг бэхжүүлэх; хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьсан талаар дурдлаа.

Мөн үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйгаа Сангийн сайд онцоллоо. 

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн  эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган төслийн агуулга, хэлбэрийг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг дурдав. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүургийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасан.

Иймээс Төрийн албаны төв байгууллагын саналыг авч, Улсын Их Хурал  дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адилтгаж тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэнг цагдаагийн байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалын цалинтай адилтган тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Үргэлжлүүлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн өндөр шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.

Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.


Тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй