Шууд Chart

Төсвийн байнгын хороо хуралдлаа

2019-05-30 08:14:17

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь -III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор  “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр төслийн III дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцоод байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан.

Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын  хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7.0 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Зээлийн хүү жилийн 2 хувь, зээлийн хугацааг 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан.

Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.


Төсвийн байнгын хороо хуралдлаа  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй