Шууд Chart

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-05-30 08:25:20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хурадаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх асуудал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн тул төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нийцүүлж, ерөнхий байцаагчийн талаарх зохицуулалтыг хасч, мэргэжлийн хяналтын төв байгууллагаас эрх олгосны дагуу агентлагт улсын байцаагч ажиллаж болно гэсэн байдлаар өөрчлөн найруулах саналын томьёоллыг боловсруулжээ. 

    Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу 8.7 дахь хэсгийг анхны хэлэлцүүлэг дээр хураалгасан саналын томьёоллоор Харилцаа холбооны зохицуулах хороонд улсын байцаагч ажиллана гэсэн байдлаар дахин санал хураалгахаар бэлтгэжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг төсөлд нэмж тусган хууль зүйн техникийн засварыг хийсэн эцсийн хувилбарын төслүүдийг боловсруулснаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй телевиз, радио, тэдгээрийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх эсэхийг тодрууллаа. Харилцаа, холбооны зохицуулах газраас Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй радио, телевизүүдэд шалгалт хийсэн бөгөөд дүн тайланг ирэх сарын эхээр хэлэлцэхэд бэлэн болоод байгаа гэв. Үүний дараа шаардлага, стандарт хангахгүй байгаа байгууллагуудын үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийднэ гэлээ. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар тогтлоо. 

Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан. Анхны хэлэлцүүлгийн шатанд харилцагчийн регистерийн дугаараар нь бүртгэж, бусад үйлчилчлүүлэгчдэд ижил нөхцөл олгох тухай үүрэгжүүлсэн заалт, дотоод хэрэглээний холбооны сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглосон заалтуудыг Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Эдгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгаж хуулийн хийдлийг арилгах шаардлагатай тул Байнгын хорооны зүгээс төслийг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй тул төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах томъёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Дараа нь Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын 9 томъёолол нэг бүрээр санал хураалт явуулав. Ингээд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хуулийн төслийг батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм. 

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулж, гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй хэмээн тогтлоо. 


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй