
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны тавдугаар сарын 31-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Тус Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж Байнгын хорооноос үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд нотариатын үйлчилгээ хамаарахгүй байхаар тусгасантай холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, А.Ундраа, Л.Мөнхбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Ингээд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувийн саналаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав. Мөн гишүүдийн 69.3-74.4 хувь нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжсэн юм.
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа | ||
Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.