Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа

2019-05-31 16:21:18

УИХ-ын ээлжит чуулганы (2019.05.31) хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхий аудитороос төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоолгохоор холбогдох байгууллагаас санал авч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхий аудторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон байх бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасан боловч УИХ-аас төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хууль тогтоомжоор тусгайлан тогтоосон шийдвэр гараагүй аж. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчийн цалингийн хэмжээг УИХ-аас тогтоож, эрх зүйн орчныг бүрдүүлж хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 25 нь дэмжсэн. Ийнхүү гишүүдийн 58.1 хувь нь дэмжсэн тул ийн саналаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав. 

Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэгтгэн, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг тусгасан эцсийн хувилбарыг боловсруулсан байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжсэн тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав. 

Өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Байнгын хороо төслийг хэлэлцэх үеэр хуралдаанд оролцсон гишүүд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг татсан тул төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй