Шууд Chart

Улсын мэргэн С.Энхтунгалаг Буриад сурд завсаргүй гурав түрүүллээ

2013-07-09 00:08:49

 Үндэсний баяр наадмын нэг төрөл болох сурын наадам эхлээд хоёр хонож байна. Хоёр дахь өдрөө Буриад сур харваагаар үргэлжилсэн энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 200 орчим улс, аймгийн цолтой мэргэчүүл цэц мэргэнээ сорьлоо.

Бүтэн нэг өдрийн турш өрсөлдөөнтэй явагдсан тус наадмаас эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн харваач, Буриад сурын мэргэн, Олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож түрүүлж Буриад сурын хошой мэргэн, мөн олон улсын хэмжээний мастер цолоо Монголдоо дахин баталлаа. Харин хоёрдугаар байрыг Алдар нийгэмлэг, Жем интернэншл компанийн тамирчин, спортын мастер Б.Батбаатар хүртсэн байна.
 
Улсын мэргэн, Буриад сурын гоц мэргэн С.ЭНХТУНГАЛАГ
 
Түүнчлэн тус Буриад сурын эмэгтэйчүүдийн төрөлд Алдар нийгэмлэг, Жем интернэншл компанийн тамирчин, Улсын мэргэн, спортын мастер, Буриад сурын хошой мэргэн С.Энхтунгалаг түрүүлж Буриад сурын гоц мэргэн боллоо. Тэрээр Буриад сурын төрөлд гурван жил завсаргүй дараалан түрүүлж байгаа нь энэ ажээ. Удаах байранд Улсын мэргэн, спортын мастер, Буриад сурын дархан мэргэн Д.Цэцэг оржээ.
 
Хамгийн сонирхолтой нь Буриад сурын энэ удаагийн наадамд түрүүлсэн хоёр мэргэн өнгөрсөн жилийн Буриад сурын наадамд мөн түрүүлж байжээ.

Улсын мэргэн С.Энхтунгалаг Буриад сурд завсаргүй гурав түрүүллээ  
Үзсэн: 2132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй