Шууд Chart

Анхны уралдаан амжилттай боллоо

2014-02-27 16:12:22

...Олон хоног бэлтгэж товлосон хурал зохион байгуулах ажилд маш түшигтэй тусалсан нь мэдээж Баасандорж гуай. Энэ хүн улсын байгууллагад ч хувийн хэвшилд ч олон нийтийн байгууллагад ч олон жил сайн ажиллаж байсан болохоор энэ мэт юманд үнэхээр туршлагатай байв. Бааска ах маань олон таван үггүй, юманд адгаж яардаггүй уужуу амгалан зан төлөвтэй хүн. Алхам тутамдаа бид хэдэд түшигтэй нь үнэхээр мэдрэгдэж байв. Олон жил өнгөрчээ. Юм юм бүдгэрч мартагдсаар байна. Хурал их л халуун болсон.Батлан Хамгаалахад туслах нийгэмлэгээс авто спорт мотоциклийн уралдаан зохиож болсоор байтал дахиж тамгатай холбоо нэгээр нэмэгдэх нь хэнд хэрэгтэй юм, ер нь авто аялал ч гэх, уралдаан ч гэх шиг гээд олон хүн ам уралдан яриа эхлүүлж лавшрах тусам халуухан болов.Үндэсний олимпийн Хорооноос хэн оролцлоодоо байз ямарч байсан нэг хүн босч ийм холбоо байхад буруудахгүй ,яагаад гэвэл үүсэл санаачилгын байгууллагыг дэмжих нь манай бас нэг үүрэг гэж байв. Жанжин штабын дарга генерал Гаваа гуай их идэвхитэй байж дахиан дахин үг хэлж байлаа. Хурлыг урьд нь тохиролцсон ёсоор Ч.Сайханбилэг удирдан явуулсан. Тэр үед Төрийн бус байгууллагын тухай хууль хараахан гараагүй байсан цаг. Олон нийтийн байгууллагын тухай Ч.Сайханбилэг сүрхий сайн мэдлэгтэй нь хурал удирдаж байх явцад нь тодорхой харагдаж байв. Нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга Гарамжил гуай Гаваа гуайтай санал нэгдэж Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн зүгээс техникийн болон мотоциклийн уралдаан хангалттай сайн зохион байгуулж байхад энэ ч илүү л болов уу гэсэн байр суурьтай байлаа.Энд холбоо байгуулах бүхий л ажилд маш идэвхитэй оролцож бидний ажилд тусалсан Отгончимэг гэж эмэгтэйг дурьдах хэрэгтэй. Отгоо хурлын явцын протокол ч хөтөлсөн Тэр үед чинь хүн бүр ширээн дээрээ компьютэртэй болоогүй цаг. Тэр их бичиг данс юмыг Отгоо л эмхлүүлсэн.

Хожим Хан-Уул дүүргийн тамгын газрын боловсролын асуудал эрхэлсэн дарга болсон явсан даа.Гэтэл Батлан Хамгаалах Яамны дэргэд байгуулагдсан “Зэв” концерны дарга Алтангэрэл гуай дэмжсэн. Хүмүүсийн санал олон талтай байлаа.Энэ байгууллагын нэр нь Монголын Авто Спорт аялалын үндэсний клуб нэртэйгээр байгуудлагдах болов. Орчин үед хүн бүр айл бүр машин унаатай болж байгаа. Цаашид ч нэмэгдэнэ. Иймд авто аялалыг түлхүү хөгжүүлэх цаг иржээ гэж ярилцаж байв. Энэ бодлогын чиглэлийг анхлан ярьсан хүн гэвэл манай Баасандорж гуай.Энэ нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс явуулдаг мотоциклийн уралдаанаас өөр үйл ажиллагаа эхлүүлж болох цаг нь ирсэн хэлж байлаа.Тэр үед Чингис зочид буудлын ашиглалтын өмнөх захиргаа гэж байсан бөгөөд энэ захиргааны дарга нь Булган гэж хүн байлаа. Бидний ажлыг их дэмжиж бүх ажилд идэхитэй оролцсон хүн. Авто уралдаан болон олон өдрийн аялал хөгжиж эхэлбэл улс орон даяар батлагдсан замын шинэ сүлжээ бий болж хяналтад авснаар дүрэм журамтай бий болж ядаж л хаа хамаагүй гарч байдаг замыг цэгцлэх зүлэг ногоо газар шороог хамгаалах хуулийн тухай асуудал босч ирнэ. Байгаль газар хөрсөө бусниулахгүй болох шинэ эрин үе эхлэх ёстой гэсэн нь хүмүүст шинэ санаа тарүүлсэн байх. Булган гуай шинэ байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.Энэ хурал таван цаг гаруй үргэлжлэв. Хэд хэдэн талаас ширүүн маргалдаж байж санал нэгдэн дүрмээ сонсож Монголын Авто спорт Аялалын Үндэсний Клуб нэртэйгээр байгуулагдав. Еранхийлөгөөр нь “Женко” Х.Баттулгыг сонгож байж билээ. Найз Батаа маань Бааска ах Зоригоо гээд бүгд тун их баярлаж билээ. Хожим бодоход олон жил маш сайхан өргөжиж олон арван уралдаан тэмцэн зохиож гадаад оруудад эх орныхоо нэрийг сайнаар дуурсгах их үйлсийн эхлэлийг тавьсан байв. Тэр үед хожмын амжилтуудаа мөрөөдөж л байсан даа. Ингээд зургаан сард анхны авто аяллын тэмцээнээ зохион байгуулахаар болов.Таван сар гарчээ. Их эрт дулаарсан байв.Хотын залуучууд бараг зуны хувцсандаа орсон байв. Миний ажил хөвөрдөгөөрөө хөвөрч Батаа маань хааяа нэг утсаар ярихдаа дараагийн ажлууд эхлэх болж байгаа шүү гэдэгсэн. Нар төөнөсөн дулаан нэг өдөр Батаа эхний уралдаан болох газрын байдал бас зам харгуй үзье гэж манай руу давхиж ирэв. Миний ажил шингэрч овоо завтай байсан тул салхинд гарч толгой сэргээх нь бас чухал гэж бодоод тэгье л гэлээ. Тэгэхэд найз минь Тойота Ланд Круйзер 60 гэдэг машинтай байлаа.Хавар цагийн урин салхи зөөлөн илбэн, давхиж яваа машины цонхоор толгойгоо цухуйлган агаар сөрөхөд сэтгэл сэргэж тархи толгой цэлмэх мэт болж байлаа. Батаа бага хүүгээ, би охин хүү хоёроо дагуулав. Хүүхдүүд хотоос гарахад бас сэргэцгээжээ. Заан тэрэлжийн тийшээ давхилаа. Батаа зам шинжих багагүй туршлагатай болохоор дотроо тооцоолоод яваа бололтой. Надад мэдэх юм тун бага байлаа. Тэрэлжийн амны баруунтай хөглөрсөн их уулсын нөгөө талаар нь аажуу өгсөв. Жигтэйхан мод сондуултай ой дундуур эв тааруулж явсаар тэр их дүнхгэр уулын орой дээр гарлаа. Нөгөө Мэлхий хад тээр дор атганд багтахаар харагдана. Батаа газрын эв харж байгаа бололтой.Гайгүй налуутай газар эрнэ. Тээр хойуур боломжийн санагдсан юм байлгүй бууя гэж байна. Би тас зөрж -Энэ их налуутай газар юу юу ч үгүй бууна гэв үү, Чи газуураагүй биз гэхэд Батаа инээмсэглээд ­-За за тэгвэл ирсэн харгуйгаараа буцья даа гэсэн. Нүүр царайнд нь тэр уулын их налуугаар бууна гэсэн итгэлтэй шийдсэн байдал тодорхой харагдаж байсан шүү. Доошоо уруудсаар тэгш газарт орж ирлээ. Учиргүй дулаарч жалга хонхорын зуаан цас мөс хайлан өдрийн наранд шавар шабааг ихтэй болжээ.Тойрч, дайрч, гишгэж гарсаар яалт ч үгүй нэг хонхорт нам шигдэн суув.Ойр хавийн чулуу мод түүж дэвсэн чихэж дугуйнаас хиншүү ханхалтал хэсэг хаазлан зүтгүүлээд барсангүй. Хэд хэд угзчуулав Таг суужээ. Батаа машинаасаа гудас гарган хажуулахаар хэвтээд өгөв.Залхжээ. Нэг харсан хурхирч байна.Цаг гаруй унтаад босохдоо хүч орсон уу яасан жаахан зүтгээд л машинаа ядах юмгүй гаргав. Нар шингэж тэнгэрийн хаяа улайран ягаарч байх үес бид хот руу орлоо. Ингэж зам үзсэнээр удахгүй эхлүүлэх анхныхаа туршилтын уралдааны нэг чухал ажлыг амжуулсан юм.

      Алаглаж будсан янз бүрийн загварын машинууд цуваанд орж хотын төв гудамжаар Чингис зочид буудлыг зүглэн нэг эгнээгээр цувран явахад хотын хүмүүс ёстой зогтусан харж билээ. Ялангуяа Зил-130 машин жиипүүдийн араас гоёчихсон явахыг харахад сонин санагдаж байв. Бидний урьд Сүхбаатар дүүргийн замын цагдаагаас гаргасан Галчулуун хошуучийн ахалсан хамгаалалтын машинууд гэрэл чийдэнгээ гялбуулан явахад сэтгэл ер бусаар догдлон хөдөлж бахархах бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Манай тэргүүлэгч гишүүдийн нэг үг дуу цөөнтэй буурал толгойтой Булган гуай Чингэс буудлын өмнөх талбайд гарааны ёслол хийх зөвшөөрөл авчээ. Бүх цуваа Чингисийг зүглэлээ. Цувааны сүр жавхаа үгээр илэрхийлэх аргагүй сүртэй сайхан харагдаж байв. Аялалаа бид “Харгуй-95” гэж нэрлэсэн. Аялал маань адал явдал дүүрэн хөгжөөн наргиантай байгаасай ч гэж бодсон зүйл бий. Ер нь янз бүрийн загварын машинууд оролцуулсан Ралли-рэйд гэдэг уралдаан байдаг. Энэ төрлийн уралдаанд оролцогч машинууд гараанаас цуварч гаран зам маршрутын зарим хэсэгт яг тухайн замыг хэн түргэн туулах вэ гэсэн зорилгоор хурд хүч үздэг. Бид аялалын явцад тодорхой даалгавар биелүүлэхээр олон хэлбэрийн тэмцээн бодож гүйцэтгүүлсэн ч бас зарим хэсэгт машинуудаа яг хурдтай уралдуулах зорилт тавьсан Ралли рейдийн зарчмыг баримталсан хэрэг байлаа.
     Чингэс зочид буудлын урд талын цардмал замтай талбайд машинуудаа байрлуулж тамирчид аялагчид нэг эгнээнд зэрэгцэн жагслаа. Үндэсний клубын ерөнхийлөгч Х.Баттулга ч хүрэлцэн ирлээ. Батзориг тамирчдын өмнө зогсож уралдаан, аялалд баг бүрэлдэхүүн бэлэн болсныг нягталж нэг шалгаад рапорт өгөхөөр алхав. Машин тэргээ янзалж урьд шөнө нойргүй хоносон бүх хүмүүс огт ядарсан шинжгүй харин ч удахгүй эхлэх аян замдаа бушуухан гаргах сэтгэлдээ тэсч ядан зогссон нь лавтай. Харгуй 95 уралдаад баг бүрэлдэхүүн бэлэн болсныг илтгэе гэж Батзориг клубын ерөнхийлөгчид мэдэгдэв. Цуваа хөдөллөө. Чингэс зочид буудлын өмнөх төв гудамж руу гарах замаар Сансар хорооллын тунель чиглэн эргэж цуваа жигдрэв. Бид хотын зүүн зах руу Гачууртын амыг зүглэж аян замд гарч байгаа нь энэ. Нар голлох үдийн 12 цаг болоход Гачуурт тосгоны наана нэг их өргөн дэвсэг талбайд бүх цуваа ирж байрлав. Энд техникийн үзлэг шалгалт хийхээр товлосон газар. Аялалын журмыг боловсруулахдаа нэгд техникийн бүрэн бүтэн байдалд үзлэх хийх, хоёрт аян замын бэлтгэл хангасан байдлыг шалгах гэж оруулсан байсан. Жолооч, багийн гишүүд нь хоёроос гурван хүний бүрэлдэхүүнтэй байж баг болно. Мөн автозамын байцаагч гэмтэл согогийн эмч шүүгчид, үндэсний клубын гишүүд тэргүүлэгчид, механикчид, аялалд сайн дураараа оролцохоор ирсэн хүмүүс. Киноны орлон тоглогчдын холбооны залуучууд гээд тавь гаруй хүн энэ аялалд гарсан байв. Техникийн үзлэгийн эхэнд машинуудын тоормос, дугуй, гэрэл, чийдэн, суудалны даруулга, бүс бэхэлгээ, засварын багаж хэрэгсэлтэй хайрцаг, эмийн сан зэргийг нэгд нэгэнгүй шалгана. Дараа нь майхан, аяны ор, хөнжил, хоол цайны аяга шанага, тогоо ер нь аялахад шаардлагатай бүгдийг үзэж гурван цаг гаруй үргэлжилсэн эхний шалгалт өндөрлөлөө. Цуваа дахин цааш хөдөллөө. Үзлэгийн дараах аян зам, уралдааны хоёрдугаар шат болж байсан тул одоо жинхэнэ ёсоор уралдах цаг болжээ. Цуваа гачуурт тосгоныг дайрч өнгөрөөд уулын хормой эмжих замаар Туул голоо хөвөөлж давхисаар зам хойш сольж хоёрдугаар цэгт очих ёстой. Жолоочийн дэргэд суугаа чиглүүлэгчид тусгай таних тэмдэгүүдтэй маршрутын зургаар өөр өөрсдийн замаар давхиж жолоочоо зална. Олон хоног бэлтгэсэн багийн гишүүд сэтгэл догдлон хөөрч барианаас нисэх гэж байгаа мэт өндөр хааз аван довтолголоо. Нэг ийм явдал санаанаас гардаггүй юм. Телевизийн сурвалжлах хэсэг гэж  бид гурвуулаа явсан бөгөөд Бадрууган найруулагч. Автомашины уралдааны сайхныг хажуугаар нисээд өнгөрч байгаа тэргүүдийг үзүүлэх нь чухал биш, жолооч чиглүүлэгчид бүхээг дотроо яаж авхайлж самбаатай түргэн чадамгай ажиллаж байна тэр бүгдийн зургийг нь авч харуулж чадвал сая л гайхамшигтай эр зоригийн спорт болох нь ойлгогдоно. Гурвуулаа нэгнийх нь бүхээгт явж зураг авнаа гэв. Гараанаас хөдлөөгүй байсан болохоор эл хүсэлтийг Батболд сонсоод ёжтой инээмсэглэснээ: Өө тэг тэг миний хажууд суул даа гээд их л уриалгахан хариулав.
 
    Дохио өгмөгц Батболд шаламгай хөдөлж хөөё хаая гэхийн завдалгүй машинаа хөдөлгөв. Зураглаач Ганзориг арын суудалд бид хоёрын дунд Бетакам загварын хүнд том аппаратаа мөрлөөд зураг авах санаатай өндийхдөө донсолгоонд толгойгоо ёг хийтэл цохиж байгаа нь түс хийсэн чимээнээр сонсогдов. Ёо Ёо л гэж байгаа бололтой. Нисэх мэт хурд авч донсолгоотой замд ёстой л нисэж бууж яваа бололтой. Бид гурав зураг авахдаа мантай Ганзориг аппарат хэмхэлчихгүй тулд элгэндээ тас тэвэрчээ. Ууган бид хоёр зураглаачаа хаших манатай дээр дор ойж бууж ёо ёо яа яа гэлцэж жаахан л удвал бөөрөнхий мах болоход бэлэн, ухаанаа тавьчихсан явж байв. Ганзориг- Бууяа бууяа, зогсоорой, зогсоорой гэснээр Батболд газар урагдтал тоормослож бид амьд мэнд яваагаа мэдэв.
 
-          Уралдаж байхад зогсоогоод та нар зураг авна гэсэн биздээ гэж Батболд асуулаа. Бид гурав амьд мэнд дээрээ бууя. Хэмхэрлээ. Ёо ёо гэсээр ум хумгүй чихэлдэн бууцгаав. Машины уралдааныг тэгэхэд л  анх удаа мах ясаараа мэдэрсэн нь тэр байв. Харин найуулагч Б.Нямхүү маань өөр машинд суусан байв. Б.Нямхүү бид хоёр урьд нь “3 нэмэх нь 1” гэсэн нэртэй техникийн спорт сонирхдог залуучуудад зориулсан хэд хэдэн нэвтрүүлэг хийж байсан туршлагатай хоёр юм. Бид элгээ хөштөл инээлдэж бие биенээ шоолоод арын албаны автобусанд чихэлдэн орсон юм. Уралдааны багууд хорь хүрэхгүй минут давхисаар дараагийн тэмдэгт газар иржээ. Өгсүүр даваан дээр гарч ирэхэд оройн 7 цаг болсон байв.
 
Анхны уралдаанд сэтгэл хөгжөөсөн залуус бүхээгнээсээ нүүр дүүрэн баясал, нүд дүүрэн гал цог бадруулсаар урамтай жавхаатай гарч ирцгээв. Техникийн саатал ч гарсангүй. Бүгд яг л тэмдэгт замаа хөөж нуусан зүйлүүдийг бүгдийг нь олжээ. Багуудад өгсөн маршрут зурагт тодорхой ямар нэгэн биет зүйлийг тэмдэгт газраас хайж олох даалгавар өгсөн байв. Одоо овооны уруу уруудан буугаад түргэн урсгалтай гол гатлан цааш 4 км орчим газрыг туулж нэг далдалж нуусан юм олох ёстой. Тэр нь ундааны лааз байсан бөгөөд бутанд нуусан байв. Жолооч нар бүгд чиглүүлэгчийн командаар давхиж тэр газрыг олох ёстой. Чиглүүлэгч гэдэг нь жолоо барьж яваа тамирчны хажууд уралдааны замын тэмдэглэгээ бүхий дэвтэр бариад нисэх мэт давхиж яваа жолоочид зам маршрутдаа эргэх эргэхгүй газар болон тойрох дайрах бүх юмыг тасралтгүй хэлж өгдөг чухал хүн байдаг. Жаргах гэж байгаа улбар тод нарны туяа алсын уулын толгойд өгөөмөр тусч зуны дэлгэр сайхан үдэш байгаль ертөнц ер бусын үзэсгэлэнтэй сайхан үзэгдэнэ. Энд байгаа залуусын авхаалж сэргэлэн цовоог талархан мишээж байх шиг санагдсан юм. Уралдаант аялалд оролцож байгаа бүх хүмүүсийн сэтгэл сэргэж баяр хөөрөөр бялхаж байлаа. Эрчтэй хурдалж ирэх машинууд гол ус гатлахаар дайрч байгаа нь үнэхээр бахдалтай.  Голын ус ярагдан өндөрт цацарч машинууд дахин хааз аваад  давхих нь сүртэй ч жавхаатай ч харагдаж байв. Голын наад эрэг дээр замын хоёр талаар зайтай зогсон хүүхэд хөгшид хэн хүнгүй бүгд уухайлан дуу алдаж ус зүсэн орох машинуудыг харж бахадсаар байв. Уралдаан цааш үргэлжилж байгаа тул үзэгчид, зураг авч байгаа телевизийн бид хэд автобусандаа яаран сууж дараагийн цэгт амдаж хүрэхээр зам товчлон яаруу давхина. Нар жаргаж уулын сүүдэр наашилжээ. Чийг үнэртэн сэрүү татаж тэртээд бөмбийн цайрах гэрүүдийн яндангаас тод хөх аргалын утаа тэнгэрт тэмүүлэн суунаглана. Дэлгэр зуны цаг юутай сайхан, юутай бахдалтай билээ. Уралдаж яваа ЗИЛ-130 машины нэг нь нойтон ус шавартай хонхор газар яг суужээ.
 
Тэр орчмын газар зүлэг ногоо ихтэй ч балчиг шавартай газар байж. Багийнхан машинаа түргэн гаргах гэж хэд угзчин хаазлаад хойд дугуйныхаа голыг тултал нь нам суув. Аялалын адал явдал эхэлжээ. Аль түрүүн холдсон тэрэгнүүд гурав дөрвөн километрийн цаана хүрсэн байх. Лав тэмдэгт газраа ирж нуусан биетээ хайж байгаа даа. Шүүгчид радио долгионы холбоогоо залгаж цэргийн “ГАЗ 66” машинтай хүмүүсээ дуудав. Дуудсан тэрэг удаж төдөлгүй давхисаар орж ирэв. Ган татлага хэрэглэж урьдаас нь хэд хэд угз татах гэж оролдоход татаж байгаа 66 маань өөрөө өндийн босно.Эгээл эмнэг догшин адгуус хойд хол дээрээ цоройн урьд хөлөөрөө цавчилж байх шиг санагдаж байлаа. Хичнээн зүтгээд барсангүй. Шүүгчдээс -Ганц машинаар татаад дийлэхгүй  юм байна Ачааны Газ-66-гийнхаа либёдкаг / өөрөө татагчийг/ ашиглья гэв. Тээр тэнд байгаа бүдүүн хар модноос ган татлагыг нь бүслүүрдэж тэвхдээд либёдка асааж машинаа татаж эхлэв. “66” үнэхээр хүчтэй ч газар нойтон тул дугуй нь хий эргэнэ. Бахим бүдүүн хар мод аргагүй л ургаа бөх үндсээрээ гайхуулах мэт ганхсан ч үгүй, хөдөлсөн ч үгүй. Хоёр машин нийлэн орь дуу тавьж зүтгэсээр ашгүй нэг шавраас суга татаж гаргав. Бүгд сэтгэл зовж эрвийх дэрвийхээрээ зүтгэн ажилласан ч адал явдал гэж сатааран баясч нэг хэсэгтээ л хөгжилджээ. Шавраас гарсан “гуч” / ЗИЛ-130/ маань уралдаанаа үргэлжлүүлэхээр пис пас хийтэл утаа тургиулан хаазалсаар алга болж өгөв. Бид ч араас нь хөдөллөө. Үдэш орой болж нар аль хэдийнээ шингэжээ. Уулын сүүдэр нөмрөн унаж, бүрий болох шинжтэй. Түрүүчийн машинууд нуусан лааз хайсаар 3-р цэгийн орчим нааш цааш эргэлдэнэ. Лав чиглүүлэгч нь будилаад байгаа бололтой. Тэмдэгт зургаа эрүүлж уурласан жолооч нь хараал урсгаж яваа даа гэсэн шиг бодол төрж инээд хүрэв. Гэвч оллоо гэсээр “Нива”-гийн баг давхиж ирлээ. Ингээд анхны аяллын анхны өдрийн уралдаан өндөрлөв. Шаварт суусан шарын эзэн зовно гэгчээр Зоригт маань машинаас шавраас гаргах гэж зүтгэсээр хамаг хувцас нь ус шавхай болж нүүр нь халтайж загалтжээ. Гэвч тод цагаан шүдээ яралзуулан инээмсэглэсээр ирж явна. Жолооч, чиглүүлэгч тамирчид маань шүүгчдийн шаардсанаар машинаа нэг эгнээ болгон “парклав”... /үргэлжлэл бий/
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Анхны уралдаан амжилттай боллоо   
Үзсэн: 4750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй