Шууд Chart

Д.Лүндээжанцан: Өрөөлийг ялахаас илүү өөрийгөө ялж сурах хэрэгтэй

2019-09-23 12:07:01

Монгол Улсын Их Хурлын гишүүн, гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн нэрэмжит Хангайн болон говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын “Багийн аварга” шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь жил бүрийн намар  уламжлал болгон зохион байгуулагдаад 10 гаруй жил болсон бөгөөд тэмцээнд Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Баянхонгор зэрэг таван аймгийн хүүхэд багачууд оролцдог байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Монгол Шатрын спортын холбооны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж, Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Д.Очирбал болон албаны бусад хүмүүс оролцов.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Миний нэрэмжит шатрын тэмцээнийг анх Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж санаачилж байлаа. Аймаг, сумдад шатрын спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд багачууд оюуны спортоор идэвхтэй хичээллэж байгааг харахад сайхан байна. Өсвөрийн шатарчдын ур чадвар, тэдний өрсөлдөх чадвар улам дээшилж байна. Олон улсад ч манай шатарчдын чансаа өндөр болж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын зэрэглэлийн түвшинд хүрсэн гээд тоочвол олон зүйлийг хэлж болохоор байна. Хэдэн жилийн өмнө энэ тэмцээнд ороод хожигдоод уйлж суусан хүү өнөөдөр спортын мастер болоод явж байна. Шатрын спорттой амьдралаа холбоод 30 гаруй жил болоход өрөөлийг ялахаасаа илүү өөрийгөө ялж сурах нь чухал гэдгийг ойлгосон” гээд орон нутагт оюуны спортыг дэлгэрүүлж, сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлж байгаад орон нутгийн удирдлагууд болон Монголын шатрын холбооны хамт олонд баяр хүргэж, оюуны их спортоор хичээллэж байгаа хүүхэд, багачууддаа амжилт хүсэв.

Энэ удаагийн тэмцээнд Өмнөговь, Булган, Өвөрхангай аймгийн бүсээс шалгарсан 11 багийн 170 гаруй тамирчид 7 насны ангиллаар 42 багц медалийн төлөө өрсөлдөж, авхаалж самбаа, оюунаа сорьсон юм. Тэмцээний нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн нэгдүгээр баг 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан найман ахмад шатарчинтай нэгэн зэрэг нөхөрсөг тоглолт хийж, өөрийн номоо дурсгав.


Д.Лүндээжанцан: Өрөөлийг ялахаас илүү өөрийгөө ялж сурах хэрэгтэй   
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй