
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.03) хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
“Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгон өөрчлөн байгуулсан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бие даасан худалдан аван ажиллагааны мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна.
Яам, агентлаг, төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийн хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг хугацаа алдах, иргэдэд хүртэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашруулж байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Мөн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байхгүй болсноор гадны зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэж, худалдан авах ажиллагааны олон улсын зэргээс Монгол Улс ухарсан зэрэг сөрөг үр дагаварууд үүсчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2019 ны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг салгаж, Худалдан авах ажиллагааны бие даасан Засгийн газрын агентлаг дахин байгуулах эрх үйн зохицуулалт бий болжээ.
Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний тогтолцоог боловсронгуй болгох нь төрийн худалдан авах ажиллагаа системтэй, ил тод, хурдан шуурхай зохион байгуулах, захиалагч болон орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар цаг алдалгүй хангахад ихээхэн ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй аж.
Тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар асуулт асууж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат хариулт өглөө.
Гишүүдийн зүгээс яам, агентлаг бүр тендер зарлахгүйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэг бодлогод зангидаж, худалдан авах ажиллагааны бие даасан мэргэшсэн агентлаг байгуулахаар болсныг дэмжиж байгаа ч зарим асуудлыг анхааралдаа авч ажиллахыг сануулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, шинээр байгуулагдах агентлагт ирэх 2020 оны улсын төсвийн 3 их наядын хөрөнгө оруулалтыг зохион байгуулах хүн хүч, боловсон хүчний чадвар байгаа юу гэдгээ ахин нэг бодохыг сануулж байсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бие даасан агентлаг байгуулахдаа үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлтдөө томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил өнөөдөр 40 хувьтай байна. Мөнгөгүй байгаад хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа бол нэг асуудал. Гэтэл мөнгө нь байхад, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгаа нь удирдлага, зохион байгуулалтын асуудалтай шууд холбоотой нь харагдаж байна. Иймд мэргэшсэн байгууллага нь удирдлага, зохион байгуулалтаа зөв хийхийн зэрэгцээ зураг, төсөвгүй барилгыг улсын төсвийн жагсаалтад суулгахгүй байхад онцгойлон анхаарч ажиллахыг сануулж байлаа.
Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.