Шууд Chart

Харгуйн аялагчид

2014-03-10 13:22:50

   ...Зуны тэнгэрт түгсэн шөнийн одод сувд мэт гялалзан дугариг тэргэл сарны туяанд орчны байдал өдөр шиг үзэгдэв. Багууд майхан саваа аль хэдийнэ босгон хоол унд болон бужигнана. Гал тогооны арын ажил Цэцэг бүхнийг амжуулж байлаа. Дөлгөөн харцтай, нам дуугаар инээмсэглэн ярьдаг энэ бүсгүй Батхүлэгийн уралдааны бүхий л арын ажлыг түүртэлгүй амжуулж ирснийг энд зориуд дурдалтай. Заяа тавилангаар учирсан тэгш хосууд гэж Батболд, Батцэцэг хоёрыг хэлнэ дээ. Хэрэв Батхүлэг уралдаан Батболдгүйгээр босч ирээгүй бол Батболд Батцэцэгүйгээр энэ бүх ажлыг амжуулж амжилтад хүрэх байсан болов уу даа. Заяа түшсэн хань гэж Цэцэгийг л хэлнэ. Хэзээний наргианч наадамч Бадрууган найруулагч аль эрт хүн амьтан тойруулчихсан онигоо ярьж элгийг хөшөөж сууна. Аяллынхан галын наадам зохиож, дуулж хуурдан, унтах завгүй хөгжилдөн хонолоо. Урьд нь бие биеэ сайн танихгүй явсан ч зөвхөн уралдаан аяллаар холбогдож уулзсан цөөн өдрүүд тэднийг олон арван жил үерхсэн дотно андууд болгосныг харахад сайхан санагдана. Энэ бол спортын ач тус. Зовох цагт дэм үзүүлж, учирсан бэрхшээл бүрийг хамт туулж амжилтад хүргэдэг нь баг хамт олны спорт. Тамирчид хором мөч, сөөм газрыг төлөө үхэж хатан тэмцэлдэж ёстой л эрэгчин, эмэгчнээ үздэг боловч дараа нь найрсагаар тэврэлдэж гар гараа атгаж баяр хүргэдэг. Авто спортын тамирчид эр зориг авхаалж самбаа сорьсон зарим үед үхлийн ирмэгт тулж, хүнд бэрх хоромхон зуур шийд гаргаж туулж давахдаа ч нөхдийгөө бодож л явдаг. Энэ өдрийн уралдаанд бүгдээрээ л амжилттай сайн оролцохыг хүссэн. Тэд чин сэтгэлээсээ өрсөлдөж , хүч чадлаа шавхтал дайчлан үнэхээр мэрийсэн байлаа.

Түүдгийн галын хуурай мод дуу чимээтэй дүрэлзэн шатаж час улаан цог хүчтэй бутрахад тойрон бүжиглэгсэд улам хөгжилдөнө. Хаа ч явсан ажлын эв дүй, арга чаргыг гайхалтай үзүүлж юм бүгдийг зохицуулж амждаг Баасандорж гуайг харахад хүндлэх, хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.
 
Техникийн үзлэгт оролцож, шүүгчдэд зааварлаж, алдаа оноог нь хэлж зөвлөж, үргэлж завгүй явдаг энэ хүн Монгол Улсад автоспорт аяллыг хөгжүүлж, Батхүлэгийн бүхий л уралдааныг амжилттай явуулахад гарамгай гавьяа байгуулсан.
     Маргааш өдөр нь боллоо. Багууд майхнаа хурааж отогоо цэвэрлээд дараагийн аянд бэлтгэв. Ерөнхий шүүгч Баасандорж гуай ажил үүргийнхээ дагуу машин техникийг шалгаж, жолооч чиглүүлэгчдэд заавар зөвлөгөө өгөв. Ингээд дараагийн цэгт хүрэхээр бүгд хөдөллөө. Аяллын машинууд сааталгүй давхисаар товлосон газартаа хүрэв. Дүнхэр том уулын хормой бэлд ширээ шиг тэгшхэн дэвсэг дээр бүгд буудаллаж аялал тэмцээнд бэлтгэв. Энэ бол маршрут замын хамгийн сонирхолтой хэсэг. Бид ачаа бараагаа буулгаж хэсэг талбайг гортиглон улаан даавуугаар туг хатгаж майхан босгох тэмцээний талбар бэлтгэлээ. Шүгэл тасхийв. Багийн жолооч, өөрийн чиглүүлэгч тамирчинтай хамт машин руугаа гүйх майхнуудаа түргэн зуур задлаж барих тэмцээн эхлэв. Энэ тэмцээнийг аяллаар яваа хүмүүст хээр гадаа аяны майхнаа зөв угсарч барих, зугаатай өрсөлдөөн болгож явуулсан юм. Одоо чухам хэн нь түрүүлж байсныг тодорхой хэлж мэдэхгүй юм. Багийн жолооч нарын зарим нь гар хөлөө эв дүйгүй хаялан хэрэндээ л хичээж гүйж байгааг хараад бид хөгжилдөн элгээ хөштөл инээж билээ. Инээд муутай нэг нь тэр хараа яг баавгай шиг гүйлээ гээд л элгээ даран, эвхэрч байв. Жолооч хүний машин барих эв дүй нэг өөр. Гүйж харайх нь бүр өөр юм гэж бодох тусам л бид хэд инээдээ барьж ядан байв. Аяны жижиг майхныг хөөе гэхийн завдалгүй босгож орхив. Тэмцээнд бүгд амжилттай оролцлоо.
 
Бид автомашины спортыг аялал жуучлалтай хослон жирийн хүмүүсийн дунд сонирхолтой, адал явдал дүүрэн, бас амьдрал практикт ашигтай зүйл сурч мэдэх хэлбэрээр явуулбал зүйтэй гэж ойлгов. Тайшарын багийн майхан том учраас учрыг нь олж барих гэсээр мунгинан цаг алджээ. Дараагийн тэмцээн аяны хоол хийх. Багууд шүүгчийн командаар ажилдаа орлоо. Гал түлж, тогоо тавих, цайгаа уудлах, дараа нь мах хөшиглөх хоол хийх тийм ч амаргүй. Хээр яваа монгол хүн хоол хийж чадахгүй байна гэж үгүй. Гагцхүү цаг хугацаатай уралдаад түрүүлэхийн тулд л байдгаараа чармайх тул багийн гишүүд бас л бидний элгийг барав. Ямар ч байсан арваад минутын дараа эхний баг цайгаа уудлахаар даргитал буцлахыг нь хүлээхтэй болжээ. Их хөгжилтэй өрсөлдөцгөөв. Зарим нь давсаа хэтрүүлж, нөгөө нь галаа үлээх гэж хацар руугаа цог үсэргэжээ.
 
     Хоол болсны дараа Батзоригоор ахлуулсан шүүгчид “гал” бүр дээр очиж давс хучир, амт шимтийг нь шалгаж тэргүүн байр шалгаруулах зугаатай ажилд орлоо. Шорвогдуулсан багт оноо хасч бантан-тантан болгосныг нь нойллов. Халбага хугалам зутан завааруулсан нь хөгжилтэй инээлдэж, яарч галаа түргэдүүлсэнээс тогоогоо түлснүүд нь нүүрээ улайлгав. Гэхдээ л тэмцээн амжилттай өндөрлөсөн. Дараа нь сонсоход өөр нэг хөгжилтэй явдал болсон байдаг. Тэр тухай төгсгөлд нь хэлье.
    Харгуйн аялагчид дараагийн тэмцээнд орлоо. Жолооч чиглүүлэгч тамирчид машины дугуй солих яггүй даалгавар биелүүлэв. Уг нь хээр хөдөө “тэнэж” сурсан тэдэнд дугуй солих ёстой л алга урвуулахын адил ядах юмгүй даалгавар. Гэвч зэрэгцээд уралдахад нэг нь түрүүлж нөгөө нь удаалдаг юм билээ. Автоспортын олон төрлийн уралдаанд туг сүлжихээс эхлэн уран жолоодлого шалгасан яггүй шалгуурууд байдгийн нэг нь үнэхээр дугуй солих. Багууд машиныхаа дугуйг торох юмгүй гялс мялс манас сольж дараагийн хэсэгт уралдан хүрэхээр яаравчлав.
 
Шүүгчид метр хагасын урттай жалган дээгүүр дунд мод ашиглан гүүр барьж гарах даалгавар өгчээ. Энэ бол хэцүү. Гэвч монгол жолоочийн авхаалж, мэдрэмж уран чадвар үнэхээр бахдам сайхан гэдгийг тэгэхэд л мэдэцгээсэн дээ. Холбирч хугарч мэдэх гуалиг мод дээгүүр нарийн татсан утсан дээр гишгэх циркчин шиг л бүгд ядах юмгүй гарцгааж билээ. Тойрч зогссон аялагчид сэтгэл түгшин харж амжилтай болох бүрт нь баярлан алга ташиж байв. Ингээд үндсэндээ аяллын гол гол тэмцээнүүд шувтарч сүүлчийн шалгуур үлдэв. Цуваа хөдөлж хатан Туулаа зорилоо. Жаргаж буй нарны хурц туяа мяралзан урсах голын усанд алтран тусч нүд гялбуулна. Элстэй, зүлэгтэй зөөлөн эрэг дээр бүгд жигд жагслаа. Багийн тамирчид хоёр хоёроор буудлагын тэмцээнд бэлтгэв. Аргагүй сайн анчид болохоо үзүүлж алдаж буудсан хүн гарсангүй. Дараа нь хоёр хоёроор ар нуруундаа бөмбөг хавчуулан хажуугаараа өрөөлдөж гүйж уралдав. Овсгоо самбаагаар хэн нь ч хэнээсээ дутсангүй. Харгуй-95 нэртэй анхны уралдаан маань амжилттай өндөрлөлөө. Сэтгэл дүүрэн баяртай явсан бүгд тэргүүн байр эзэлсэн тамирчдынхаа оргилуун дарс буудаж Монгол нутгийн гүн цэнхэр хөх тэнгэрээ мялаасан баярыг хуваалцав. Дурсгалт тэр өдрөөс хойш арван жил өнгөрчээ. Хожим сонсоход бас нэг хөгтэй явдал болсон юм билээ. Зам Тэрэлжээс уруудан машинууд уралдааны замд шуударсан тэр мөчид Байгаль Орчны яамны улсын байцаагч Төмөрбаатараар ахлуулсан хүмүүс тодорхойгүй мэдээ авч дархан цаазтай газар баахан уралдааны машин орлоо гэж санд мэнд түгшүүр зарлан хөөцөлдөн очсон боловч нисэх мэт уралдаж яваа машинуудын тоосыг нь хараад л хоцорсон гэдэг...
Нийтэлсэн: Г.Золжаргал

Харгуйн аялагчид  
Үзсэн: 3509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.9.xxx [182.160.9.xxx] 2014-03-11 22:48
Bi

Бидэнтэй нэгдээрэй