Шууд Chart

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо

2019-10-15 17:05:22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаанаар Үндэсний Аудитын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Тус аудитаар Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3-т хамаарах улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 869 байгууллага, аймаг, нийслэлийн 22 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 4079 байгууллага буюу нийт 4948 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хуульд заасан мэдээллийг хугацаанд нь шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан эсэхийг шалгасан.

Мөн “Нээлттэй нийгэм форум" ТББ-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д хамаарах улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгчдийн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийлгэн, ирүүлсэн дүнг аудитын тайланд нэгтгэсэн гэдгийг онцлов. 

Шилэн дансны тухай хуульд заасны дагуу төсвийн удирдлагыг хэрэгжүүлсэн шийдвэр, үйл ажиллагааг 2018 оны бүтэн жилийн байдлаар улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд 90.2 хувь, Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд 89.3 хувь тус тус хэрэгжүүлсэн байна. Мөн аудитын нэгтгэсэн дүнгээр улсын төсвийн төсвийн ерөнийлөн захирагчдын харьяа 869 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 90.2 хувь буюу өмнөх аудитын дүнгээс 3.5 хувиар, аймаг нийслэлийн төсвийн ТЕЗ-ийн харьяа 4079 байгууллагын хэрэгжилт 89 3 хувь буюу өмнөх аудитын дүнгээс 3 1 хувиар тус тус өсжээ. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллага, албан тушаалтнууд 2018 оны байдлаар шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулахдаа нийтлэг зөрчил гаргасан талаар тэргүүлэх аудитор С.Оюунбилэг мэдээлэлдээ дурдсан. 

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, ТӨҮГ-ууд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдсан боловч зарим байгууллагууд хуульд заасан мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулаагүй, Орон нутгийн төсөв, түүний төсвийн захирагчид шилэн дансны мэдээллийг байгууллагын мэдээллийн самбартаа бүрэн байршуулах нийтлэг стандартыг гаргаж мөрдүүлээгүй байна. Түүнчлэн хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компаниуд болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгчид байгууллагууд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй, хуульд заасан мэдээллийг бүрэн мэдээлээгүй байна. Мөн эдгээр байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төсвийн ерөнхийлөн захирагчид хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал хөндлөнгийн хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн хэвээр байгаа бөгөөд өмнөх аудитуудаар өгсөн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн хэдий ч зөвлөмжийн биелэлт хангалтгүй, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шилэн дансны нэгдсэн цахим хуудаст хөгжүүлэлт хийх шаардлагатай байна гэж байлаа.

Иймд улсын хэмжээнд 661 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага, 46 байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлж, аудитын явцад илрүүлсэн материаллаг бус зөрчилд тухай бүр залруулах зөвлөмж өгч ажилласан хэмээн тэргүүлэх аудитор танилцуулсан.  

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

 


Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй