Шууд Chart

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2019-10-17 15:47:25

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан. 

Тус Байнгын хороо нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэн тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцогдсон болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг санал нэгтэй дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, хууль зүйн техникийн талаас нь хянаж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өөрчлөлт оруулж байгаа 2 дугаар зүйлийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр хассан тул хуулийн төслийн нэрийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” болгон өөрчилсөн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан, С.Эрдэнэ нар Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчлөл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулж, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, орон нутагт энэ чиглэлийн нэгж байгуулахдаа боловсон хүчинг бэлтгэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж, энэ чиглэлээр баримталж байгаа бодлого, чиглэлийг тодрууллаа. 

Эрүүл мэндийн яам жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг улсын төсөвт суулгадаг. Энэ жилийн хувьд манай салбарт 11 компьютер томограффын аппарат, 19 ходоодны дурангийн аппарат нэн шаардлагатай байгаа тул хуулийн төсөлд оруулан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын нийт эмнэлгийн барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан тул шинэчлэх, засварлах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд хариулж байлаа. Мөн тэрбээр, хавдрын өвчнөөр өвчлөгсдийн сэргээн засах, туяа, зарим химийн болон хөнгөвчлөх эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Түүнчлэн 2018 оноос хүн амыг насны бүлгээр дөрөв ангилж түүнд хамрагдах урьдчилан сэргийлэх үзлэгийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, 4,5 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Нийслэлийн дүүргүүдэд 2018, 2019 онд мэс засал, хавдрын кабинет нээсэн бөгөөд одоо орон нутагт  хавдрын эмчилгээний нэгжийг байгуулж, хэвтэн эмчлүүлэгсдийн орны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашдаа хуулийн төслийн хүрээнд 39,9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардал, улсын хэмжээнд  66 эмч, энэ тооны сувилагчийг давтан бэлтгэх шаардлагатай гэж байлаа. 

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.6 хувь нь дэмжив. 


Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй