
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар Худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах биш, харин Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах нь илүү оновчтой гэж үзэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд тодруулга хийн, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Ч.Хүрэлбаатар нар төслийн заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ худалдан авах ажиллагааны газар хэмээх мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тул Ерөнхий сайд хөгжлийн бодлоготойгоо орон нутаг, яамдын үйл ажиллагааг уялдуулж, үүрэг чиглэлээ өгөөд, хэрэгжилтэд хяналт тавих нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байв. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нар эсрэг саналтай байлаа. Гишүүдийн зүгээс худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудалд оруулах нь чухал. Учир нь Шадар сайд эдийн засгийн бодлогоо хариуцаж, эрхлэх асуудлын хүрээнд нь хөгжлийн бодлого, үүнтэй уялдсан томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гадаад харилцаатай холбоотой асуудлаа шийдэх нь зүйтэй. Ийм өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар төслийн 1 дэх заалтын “Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний гэснийг “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний" гэж, 2 дахь заалтын “2-21” гэснийг “3-22” гэж, 3 дахь заалтын “Ерөнхий сайдын” гэснийг “Шадар сайдын” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Иймд "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.