
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ. Түүнчлэн, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасны зэрэгцээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, “Өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” гэсэн төслийн 15 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, төслийн 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэн өөрчлөн найруулж 15 дугаар зүйлийн 15.2-15.7 дахь хэсэг болгох, төслийн 53 дугаар зүйлийг хасахаар тогтов.
Зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа өмгөөллийн нууцыг задруулах; өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх, шашны зан үйл ашиглах, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авах, шаардах; үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах; үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах; өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны оролцогч талаас шан харамж авах, авахыг зөвшөөрөх, өөртөө давуу байдал бий болгуулах, тэдгээртэй үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр харилцах зэргийг хориглохоор болж байгаа юм.
Түүнчлэн өмгөөлөгч нь хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад нь саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү үйл ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах; энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх; өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглахыг өмгөөлөгчид хориглохоор зохицуулжээ.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувь нь дэмжсэнээр Өмгөөллийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1-65.1 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.
Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасан. Иймээс тус Байнгын хорооноос дээрх хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн учраас хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн олонх нь дэмжиж хуулийн төслүүд батлагдав.
Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан юм. Тус Байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, гишүүдийн 57.1 хувийн саналаар хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон аж. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг Онцгой албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.