Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

2019-10-18 16:45:44

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.18) нэгдсэн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл бэрхшээл Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан аргачлалын дагуу хийсэн үнэлгээг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Засгийн газрын бүх гишүүд, холбогдох байгууллагуудын саналыг авсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хулуийн төслийг холбогдох материалын хамт тус яамны албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус яамны зүгээс ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс хүүхэд хамгааллын ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа болон хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг хийсэн. Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэг мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагч нь гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий зөвлөлийг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангах, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг тодорхой болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй