
УИХ-ын өчигдрийн (2019.10.18) үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
УИХ-аас 2010 онд шинэчлэн найруулж баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заасан нь химийн хорт болон аюултай бодисыг бага хэмжээтэй импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, лабораториуд худалдан авч байгаа бодисынхоо үнэнээс хэд дахин их тэмдэгтийн хураамж төлж байгаа нь химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар импортлох, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодис авах сөрөг үр дагавар үүсч байгаа аж. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагуудад үүсч буй дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор улсын тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50.000-20.000.000 төгрөг” болгохоор хуулийн төслийг боловсруулсан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Жилд 839 сая тонн хортой бодис улсын хилээр орж ирж байгаа тохиолдолд тэдгээрийг хадгалах, хамгаалах, цаашлаад ашиглалтын дараа устгах бодлого байхгүйг байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлсэн. Ийн гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв.
Хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.