Шууд Chart

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

2019-10-19 09:34:26

УИХ-ын өчигдрийн (2019.10.18) үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Үйлдвэрлэл, технологийн паркийн харилцааг зохицуулж буй хууль хоорондын зөрчлийг арилгах, судалгаа, шинжилгээний үр дүнд суурилан үйлдвэрийг хөгжүүлж, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, төрөөс паркийн удирдлага, нэгжид үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, паркт хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг Засгийн газраас санаачилжээ. Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн гэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжиж, Улсын Их Хурлын гишүүд гадаад, дотоод зах зээлд гарах бодлоготой уялдуулан үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх, татварын хөнгөлөлтийн асуудлыг сайтар судалж, хуулийн төсөлд тусгах саналыг гаргасан байна. Мөн үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх бодлого, хэрэгжилтийн асуудлыг хариуцсан институцийг тодорхой болгох, бодлогын нэгдмэл байдлыг хангах чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрыг оролцуулсан өргөтгөсөн ажлын хэсгийг байгуулан ажиллах саналыг тус тус гаргажээ.

Д.Сумъяабазар сайдын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа. Салбарын яамны зүгээс уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын газрын тосны үйлдвэр дээр суурилсан хүнд үйлдвэрийн аж үйлдвэрийн паркийг байгуулах нь оновчтой, үр дүнтэй гэж үзсэн гэлээ.

Төслийн хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар илэрхийлсэн юм. Мөн Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар үг хэлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй