
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Батзориг даргалав. Хуралдааны эхэнд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Улсын Их Хурлаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад “холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан байна.
Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэсэн тул хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн уг хуулийн төсөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Үргэлжлүүлэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ахлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болов | ||
Үзсэн: 942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.