
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.12) хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.
Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар нийт сумдыг шилэн кабелиар өндөр хурдны интернэтэд холбох асуудлыг хийж гүйцэтгэх шаардлагатайг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Байнгын хорооны даргаас зарим асуудлаар тодруулга хийсэн. Ингээд төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасны дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулсан байна. Б.Чойжилсүрэн даргын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.