Шууд Chart

Цаашаа мухар /богино өгүүллэг/

2019-11-19 10:06:13

Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” наадмын зургаан удаагийн эзэн, Монголын урлагийн Нобель гэгддэг “Гэгээн муза” шагналт, “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягийн “Цаашаа мухар” богино өгүүллэгийг хүргэж байна.

Хаанаас цугларсан юм гэмээр хачин олон төрлийн хорхой шавьжнууд энд үүрлэжээ. Айдас хүрмээр, дотор бэлбэгнэж, бие эвгүйцмээр байлаа. Гэвч Аагуул тэсэв. Тэсэхээс өөр яах билээ. Харин ямар гээчийн бохир заваан газар вэ? гэж бодож амжив. Тэрхэн зуур бодолд нь улаан тоосго шигтгэж тавьсан хотынх нь зам орж ирэв. Савтай сүүгээ цалгиаж асгахгүй гээд яаж хичээж явдаг байснаа санахад айдас чихүүдэс арилах шиг санагджээ.

Хаалгыг нь удаан тогшлоо. Эцэст нь олон хоног орноосоо босоогүй байрын төрхтэй үс толгой нь утгаараа ширэлдсэн эр хаалга тайлж өгөв. Өөдөөс харсан ч үгүй. Нүд нь аниатай чигтээ:

-Чамд юу хэрэгтэй гэхэд нь "өрөө түрээслэх зарын дагуу..." гэв. Нойрмог эр хаалгаа онгорхой орхиод цааш эргэж"-хөөш, Содоо хүн уулзая гэж байна" хэмээн хашгирав. .

Бурхан минь ийм газар тийм сайхан хүн амьдарч болмооргүй санагдав. дэндүү цагаан гараа өгөөд "Содоо" гэхэд нь дагаад орилчихсонгүй. Ямар үс гэхээрээ тийм хар өнгөтэй, ямар нүд гэхээрээ тийм тунгалаг харцтай, ямар дуу хоолой гэхээрээ тийм уянгалаг байдаг байна, аа.

Бүсгүй Аагуулд хуучны тавилгатай жижгэвтэр өрөөг зааж өгөв. Тэр араас нь дагаж явахдаа шилэн хүзүүнээс нь үнэртэх тэр согтоом эсвэл солиоруулам үнэрийг хамаг биендээ нэвчээхийг хүсэхэд дотор нь байсан хүсэл тачаалын жижигхэн хар хорхойнууд арвалзан хөдлөөд шалны завсараар шургачин орохыг мэдрэв.

Содоо хэмээх бүсгүй шөнө бүхэн Аагуулын зүүдэнд ирэх болов. Тансар хар хилэн үсээ шидлээд гэрэл гэгээнээс тас харанхуй руу уусан алга болно.

Өрөөнийх хаалгыг хүчтэй балбах чимээнээр Аагуул сэрлээ. Тэд мөрдөж мөшгисөөр олоод иржээ. Тэд гэдэг нь өр зээл нэхэгчдийн хөлсөлсөн бүдүүн залуучууд. Аагуул хэвлэлийн үйлдвэр байгуулах гэж мөрөөдөж явжээ. Одоо мөрөөдөл ч үлдсэнгүй. Ганцхан өр зээл л үлдэж хоцорчээ. Энд тэнд бичсэн юмаа, юмаа ч гэж дээ зохиолоо хэвлүүлж, цагийн ажил хийж бага багаар нь барагдуулж байгаа ч өр нэхэгчид түүнийг улам шахамдуулах болжээ.

Аагуул шууд л хоёр давхарын цонхоор үсрэв. Хаалгыг нь мөрлөн орж ирсэн залуус ч бас араас нь хөөлөө. Байрны арын гудамж улам нарийсна. Гэнэт цонхон дээрээ Содоо зогсож байхыг олж харав. Бүсгүй цонхоо дэлгээд бүгдийг мэддэг хүний төрхөөр "цаашаа мухар" гэж хэлэв. Аагуул шууд нэг давхрын жижиг цонхоор үсрээд орлоо. Тэр хоёр цонхоо хааж, хөшгөө татаад харанхуйд хэсэг чимээгүй зогсов. Өнөөх үнэр... согтоом, мансуурам...Нэхэгчид хэсэг хараал урсгаж, нааш цааш хаачихаа мэдэхгүй зогсож байгаад яваад өгөв.

...Аагуулд яагаад ч юм бэ, өнөөдөр цонхоо гялалзтал арчмаар санагджээ. Тэр өрөө төлж барагдуулсандаа сэтгэл нь хачин хөгжүүн байлаа. Эхнэр нь гаднаас инээмсэглэн орж ирээд:

- Цонхоор үсрээд зугтахыг хүсээ юу? Цаашаа мухар" хэмээн тоглоом наадам болгон хэлэхэд, Аагуул хамаг биеэр нь жирэлзэн гүйх нэгэн зүйл сэтгэлийн хорхойг мэдрээд эхнэрийнхээ тансар хилэн мэт хар үсийг үнэрлэхэд эртний танил ах нойрноосоо сэрээд эвшээх сонсогдов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цаашаа мухар /богино өгүүллэг/  
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй