Шууд Chart

Олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд батлагдлаа

2019-11-21 19:10:18

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий дэлхийн хамгийн том мэргэжлийн байгууллага юм.

Тус байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл ордог. Харин БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар 2007 оны 11 дүгээр сард Колумбид болсон тус байгууллагын Ерөнхий Ассамблейн 17 дугаар хуралдаанаар хятад хэлийг албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлтийг гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог. Одоогоор тус байгууллагын гишүүн 72 улс энэхүү нэмэлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байгааг сайд танилцуулгадаа дурдав.

Манай улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад гишүүнээр нэгдэн орсон агаад сүүлийн жилүүдэд тус байгууллагатай идэвхтэй харилцаж, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдэд сургалт явуулах, аялал жуулчлалын тандалтын төв байгуулах зэрэг үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгээр хамтран гүйцэтгэж иржээ.

Цаашид Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээ тогтмол өсөх, түүнчлэн БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийн нэг юм. Иймээс хятад хэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болгох тухай Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Сайдын илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

Дараа нь Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ дагуу 2017 оны 8 дугаар сарын 21- ний өдөр Сөүл хотноо тус гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

 Хуулийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, тус бүсийн ойн салбарт нягт хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж нээгдэнэ. Хуулийн төслийг баталж, батламжаа гардуулснаар ойн нөхөн сэргээлт, ойн аж ахуйн арга хэмжээ, ойн түймрийн чиглэлээр тус байгууллагын бүсийн боловсрол, сургалтын төвд богино хугацааны сургалтад жил бүр 5-6 хүнийг сургах, Солонгосын их, дээд сургуульд ойн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт жилд нэг хүнийг хамруулах боломжтой болно гэдгийг сайд хэллээ.

Тус байгууллагад гишүүнээр элсэж, батламжаа гардуулсан гишүүн орнууд үр ашгаа хүртэж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш эдгээр орнуудад 300 мянгаас 2,5 сая хүртэлх ам.долларын төсөвтэй 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын жилийн үйл ажиллагааны зардлын 80 хувийг БНСУ бүрдүүлэх бол бусад оролцогч талууд 1 хувийг нь бүрдүүлэх бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны зардалд жил бүр 30 000 ам. долларын татвар төлөх юм байна. Манай улсын хувьд хэлэлцэзрийг соёрхон баталж, батламжаа тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хадгалуулахаар хүргүүлсний дараа татвараа төлөх агаад хууль батлагдмагц Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж шаардагдах зардлыг ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлаас гаргах боломжтой гэдгийг сайд дурдав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь дэмжлээ.


Олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд батлагдлаа  
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 13:55
загасны аж ахуйн хууль

Бидэнтэй нэгдээрэй