
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Далайн хөдөлмөрийн тухай конвенцийг 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр хуралдаанаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэн орсныг соёрхон баталсан.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бага хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Өнөөгийн байдлаар нийт 67 гишүүн улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байна. Далайн хөдөлмөрийн тухай конвенцид далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардпагыг ерөнхий тусгасан байсныг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан тодорхой зохицуулалт нэмсэн.
Конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах үндэслэл үүсэж байгаа. Иймээс хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах нөхцөлийг бий болгох, тавих хяналтыг сайжруулснаар хөлөг онгоц эзэмшигчдийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой тул Далайн хөдөлмөрийн тухай конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс соёрхон батлах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг хууль санаачлагч онцлов.
Мөн уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл соёрхон батлагдав.
"Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг соёрхон батлав | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.