
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 04-ний өдөр өргөн мэдүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг бууруулснаас шалтгаалан малын хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн үед огцом нэмэгджээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд зарим аймагт малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн ч ялын бодлого оновчтой биш байгаагаас гэмт хэрэгтэн ял завших болсон байна. Энэ нь нэг талаас малчдад маш их хохирол учруулж байгаа төдийгүй манай орны эдийн засагт их хохирол учруулах үйл явдал болж байна. Иймд Эрүүгийн хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулсан гэдгээ дурдав.
Хуулийн төсөлд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд оногдуулах хариуцлагын хэмжээг зааглахаар тусгасан байна. Ингэхдээ захиргааны хариуцлага оногдуулахаас илүү хэмжээгээр бусдын малыг хулгайлсан бол эрүүгийн ял оногдуулах нь оновчтой. Бусдын малыг хүндрүүлэх нөхцөлтэйгээр хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг байдлыг өөрчлөхөөр төсөлд тусгасан гэдгээ төсөл санаачлагч тайлбарлав. Харин өмнө нь захиргааны хариуцлага хүлээсэн болон хөнгөн ял шийтгүүлсэн этгээд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлд тооцдог байх нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн “олон тооны мал” гэж заасныг хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмын дагуу хохирлыг тооцдог ердийн журмаар хохирлыг тооцдог болохоор төсөлд тусгасан байна. Энэ нь гэм буруугийн үйлдэлд хариуцлагыг ялгамжтай оногдуулах зарчимд нийцэх чухал зохицуулалт болох юм гэдгийг төсөл санаачлагч хэллээ.
Мөн чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно” хэмээн заасан байдаг тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөө татан авч буйгаа тэрбээр мэдэгдсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Болорчулуун нар төсөл санаачлагч болон Байнгын хорооноос асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд хийхээр болж, чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.