Шууд Chart

Монголын нууц товчоо: Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь

2019-11-27 12:00:00

127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха өгүүлрүүн: "Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмүжин анд (найз) бид хоёрын завсарт сүвээг сүлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хан эс болгосон байтал, одоо ямар санаагаар түүнийг хан болгов? Алтан, Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүжин андын сэтгэлийг амруулж, андад сайн нөхөр болж яв" гэж хэлүүлжээ.

128. Түүний хойно, Жалама (уул)-ын өвөр Өлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дүү Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа манай Жөчи-Дармалагийн адууг дээрэмдэхээр явж Жөчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Үүнд Жөчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нөхөд нь зүрх шантарч явахгүй болмогц Жөчи-Дармала өөрөө ганцаар нэхэж, шөнө адууны захад хүрээд мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.

129. "Дүүгээ Тайчарыг алагдав гэж Жамуха, Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргүүлж, гурван түмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн Мүлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хүрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван хүрээнээсээ гурван түмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Үүнд Жамуха өгүүлрүүн: "Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав" гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэүдэй цагаан гуагийн толгойг огтолж морины сүүлд чирч оджээ.

130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жүрчидэй, Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг түшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бөгөөд одоо долоон хөвүүнээ дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас өдий улс иргэн салж, Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Жүрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Сача бэхи нарт тэргүүлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргүүлэн хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, "бидэнд тэргүүлэн барихгүй, яагаад Эбэхэйд эхлэн хундаглав" гэж тогооч Шихүрийг занчив. Тогооч Шихүр занчигдаад "Есүхэй баатар, Нэгүүн тайж хоёр үгүйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ.

131. Тэр хуримыг манай талаас Бэлгүтэй засаад, Чингис хааны морийг барьж байв. Жүрхинээс Бүри-бөх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хүн, бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав. Бүри-бөх тэр хүнийг өмөөрч, Бэлгүтэйтэй хэрэлдэв. Бэлгүтэй үргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж, гараа нүцгэн гаргаж явах бүлгээ. Бэлгүтэйн нүцгэн мөрийг Бүри-бөх илдээр хага цавчив. Бэлгүтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггүй цусаа цувриулж явахыг, сүүдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан үзэж гарч ирээд өгүүлрүүн: "Хэнд ингэж цавчигдав" гэхэд Бэлгүтэй өгүүлрүүн: "Өглөө ийм болсон билээ. Миний төлөө ах дүү нар муудалцах болуузай! Би алзахгүй. Миний бие ялаарь байна. Ах дүү нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний төлөө ах битгий муудалц, хоромхон байзна" гэв.

132. Чингис хаан, Бэлгүтэйн ятгасан үгийг үл хайхарч, хоёр этгээд (хоёр тал)-ээс модны гишүүдийг хуга татаж, айргийн бүлүүрийг сугачиж аваад зодолдож, Жүрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хүнийг унагаж байв. Бэлгүтэй хөхүүртэй айргаар цохилцож явав. Тайчууд нар Бэлгүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно Бэлгүтэй, хасгийг үүрсээр хүрч ирэв. А.то.] Жүрхин нар найрамдан зохилдъё гэснийг бид зөвшөөрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. Тэр цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгүжин сүүлтийг эедээ үл орох тул Вангин чансанд цэрэг өгч, тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгүжин-сүүлт тэргүүтэн Татаартай байлдаж, Улз гэдэг газар өөд адуу малын хамт түрэн хөөж айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,

133. Чингис хаан өгүүлрүүн: "Хэдийнээс Татаар бол бидний эцэг өвгөдийг алсан өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя" гээд Тоорил ханд элч зарж "Алтан хааны Вангин чансан, Мэгүжин-сүүлт тэргүүтэй Татаарыг Улз өөд түрж айсуй гэнэ. Эцэг өвгөдийг хорлосон өшөөт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг даруй иртүгэй" гэж явуулав. Энэ хэлийг аваад Тоорил хан өгүүлрүүн: "Хөвүүн (Чингис) минь зөв үг хэлж ирүүлжээ. Бид хавсран байлдъя" гээд гуравдугаар өдөр цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг угтан хүрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоёр Сача бэхи тэргүүтэй Жүрхин нарт хэлүүлсэн нь: "Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг өвгөдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё" гэж элч явуулаад зургаан өдөр хүлээвч тэд ирсэнгүй. Хүлээж ядаад Чингис хаан, Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз өөд явж очвол, Улзын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Татаарын Мэгүжин-сүүлт тэргүүтэн татаар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр тэрхүү Мэгүжин-сүүлт нарыг бэхлэлтээс нь барьж, Мэгүжин-сүүлтийг тэнд нь алаад мөнгөн өлгий ба тана эрдэнийн чимэгт хөнжлий нь Чингис хаан олзлон авав.

134. Мэгүжин-сүүлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр мэдэгдвэл, Вангин чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хүчит ноён гэсэн үг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол шагнав.
Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол өгсөн түүнээс хойш Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан өгүүлрүүн: "Мэгүжин-сүүлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд үүнээс илүү цол шагнахыг Алтан хаан мэдтүгэй" гэв. Вангин чансан тийнхүү баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад гэртээ харьж буув.

135. Татаарын хоргодож байсан Нарату шитүэний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олжээ. Үзвэл, дөртэй алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз) өмссөн ажээ. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: "Сайн хүний хөвүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав.

136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ. Жүрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж, тавин хүний хувцсыг тоноод арван хүнийг алжээ. Жүрхин нар ингэж сүйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж өгүүлрүүн: "Жүрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихүрийг тэд занчив. Бэлгүтэйн мөрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Түүний хойно эцэг өвгөдий минь хорлосон эртний өшөөт Татаарыг хавсран байлдъя гээд Жүрхин нарыг зургаан өдөр хүлээсэн боловч, тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд Чингис хаан, Жүрхинтэй байлдахаар морилов. Жүрхин нарыг Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цөөн хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтү ам гэдэг газар гүйцэж, Сача бэхи Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт өгүүлрүүн: "Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоёр өгүүлрүүн: "Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн үгийг сануулж, хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав.

137. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жүрхиний иргэнийг хөдөлгөж ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтү баяны хөвүүн Гүн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гүн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр хөвүүнээ Чингист уулзуулан өгч өгүүлрүүн:

        "Босгын чинь
        Боол болтугай!
        Босгоноос чинь
        Бултаж зайлбал
        Борвий нь огтол!
        Үүдний чинь
        Өмч болтугай!
        Үүднээс чинь
        Дутааж зайлбал
        Элгий нь эмтэл!" 

гэв. Чулуун хайч Түнгэ Хаши хоёр хөвүүнээ уулзуулан өгч өгүүлрүүн:

        "Алтан босгы чинь
        Ашид сахиж байг.
        Алтан босгоноос чинь
        Ангид одох бол
        Амий нь тасалж ал
        Өргөн үүдийг чинь
        Өргөж өгч байг
        Өргөн үүднээс чинь
        Өөр зүг явбал
        Өрий нь эмтэлж ал" 

гэв. Зэвгээг Хасарт өгөв. Зэвгээ Жүрхиний нутгаас Борохул нэрт хөвүүнийг олж авснаа Өэлүн эхэд уулзаж өгөв.

138. Өэлүн эх, мэргидийн олж авсан Хүчү нэрт хөвүүн ба тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жүрхиний нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өэлүн эх хөвүүддээ өгүүлрүүн: "Эднийг өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё" гэв.

139. Жүрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хөвүүний ах нь Охинбархаг бүлгээ. Түүний хөвүүн Сорхату Жүрхи, Жүрхиний эцэг, Хабул ханы хөвүүдийн ахмад тул харъяат иргэдийн дотроос

        Эрхийдээ эрчимтэй
        Элгэндээ шүүстэй
        Уушгиндаа ууртай
        Уруулдаа хилэнтэй
        Хүчит бөх ба
        Эрдэмт эрсийг

ялгаж хөвүүндээ өгөв. Ийнхүү уур омогтой, чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул Жүрхин гэж нэрлэжээ. [Эрийн эр төрсөн А.то.] Чингис хаан, ийм омогт жүрхин нарыг доройтуулан дарж, олон арды нь өөрийн иргэн болгов.

140. Чингис хаан, нэгэн өдөр Бүри-бөх, Бэлгүтэй хоёрыг барилдуулъя гэв. Бүри-бөх Жүрхинд байсан билээ. Бүри-бөх, урьд Бэлгүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад хөдөлгөлгүй дарж чадах бүлгээ. Бүри-бөх, улсын нэртэй бөх байсан. Энэ удаа Бүри-бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулахад Бүри-бөх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүтэй, Бүри-бөхийг арай гэж мөрлөн дарж саарь бүс дээр гараад Чингис хааныг нүдээр хяламхийж харвал Чингис хаан хөмхийгөө зуув. Бэлгүтэй ухаан олж Бүри-бөхийг агдлан барьж, цээж бөгснөөс угзран татаж нуруугий нь хугалав. Бүри-бөх, нуруугаа хугалуулаад өгүүлрүүн: "Бэлгүтэйд би үл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би" гээд үхэв. Түүний нурууг Бэлгүтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон хөвүүний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бүлгээ. Түүний хөвүүн Есүхэй баатар. Гуравдугаар нь Хутугт Монхор, түүний хөвүүн Бүри-бөх, Бүри-бөх барилдахдаа Бартан баатрын хөвүүдээс илүү бөгөөд Бархагийн зоригт хөвүүдтэй нөхөрлөж явдаг бүлгээ. Улсын бөх Бүри ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв.

141. Түүний хойно, тахиа жил (1201 дүгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргүүтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргүүтэй салжиуд нар, Дөрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргүүтэй дөрвэн нар, Алчи, татаарын Жали Буха тэргүүтэй татаар нар, Түгэ маха тэргүүтэй ихирэсүүд, хонгирадын Тэрхэг Эмэл Алхуй нар, Чоёг цагаан тэргүүтэй горлосууд, найманаас Хүчүгүд, Найманы Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн хөвүүд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то.] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж, азарга гүүг алж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн уруу нууж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг гүр хан болгож өргөмжлөв. Жамухыг гүр хан (бүгдийн хан) өргөмжлөөд, Чингис хаан Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв. Ийнхүү байлдах гэснийг горлосын Хоридай гэдэг хүн, Чингис хааныг Хүрэлх гэдэг газар байхад хүрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хүрч ирэв.

142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ванхан хоёр хамтарч, Жамухын эсрэг байлдахаар морилъё гэж Хэрлэн мөрөн уруу мордож, Чингис хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгүн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын түрүүнд бас харуул гаргаж Энэгэн Гүйлэтү гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Түүний цаана Чихурху гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж тэргүүлэн явсан Алтан, Хучар, Сэнгүн нар Утхия гэдэг газар хүрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хүн давхиж ирж "Дайсан айсуй" гэж мэдээлэв. Тэр мэдээг аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгүй угтан явж, дайсны тэргүүтэй уулзаж, "Хэн бэ?" гэж асуувал Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найм
аны Буйруг хан, мэргидийн Тогтоа бэхийн хөвүүн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дөрөв явж байна. Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод үдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов.

143. Түүний маргааш хоёр этгээд Хүйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан давших, ухрах зэргээр байлдаж байв. Мөн Буйруг хан, Худуга хоёр зад (хур оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад барьтал мөн үүсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагүй болоход "Бидэнд тэнгэрийн хилэн болов" гээд бутран дутаажээ.

144. Найманы Буйруг хан, Алтайн өвөр Улугтаг гэдэг газрыг зорин салж хөдөлжээ. Мэргидийн Тогтоагийн хөвүүн Хуту, Сэлэнгийг зорин хөдөлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хүсэж Шисгисийг зорин хөдөлжээ. Жамуха өөрөө хан өргөмжилсөн иргэдийг дээрэмдээд Эргүнэ уруу буцаж хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргүнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зүг тайчуудын Аучу баатрыг нэхэв. Аучу баатар, улсдаа хүрээд, улсаа дүрвүүлж хөдөлгөөд Аучу баатар, Ходун орчан нар үлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хүлээж байжээ. Чингис хаан хүрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлдсаар үдэш болоход мөн байлдсан газар хонов. Дүрэвсэн айлууд байлдсан цэргүүдтэй хамт хүрээлж хонов.

145. Чингис хаан, тэр байлдаанд хүзүүний судсыг шархтаж цус тогтохгүй ядран зовж, нар шингэхэд мөн байлдааны газар буув. Чингисийн бөглөрсөн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус (өөр) хүнийг итгэхгүй, өөрөө сахиж суусаар шөнө дүл болов. Цусыг ам дүүрэн балгаж асгасаар шөнө дүл өнгөрвөл Чингис хааны ухаан сэргэж өгүүлрүүн: "Цус хатаж гүйцэв. Би ундаасаж байна" гэв. Тэндээс Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бүгдийг тайлж, гагцхүү дотууж (дотуур өмд)-тай чармаа нүцгэнээр эсрэг дайсны дунд гүйн орж, цаана хүрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг (цэгээ) эрж олсонгүй. Учир нь, дүрвэж яваа айлууд гүүгээ саалгүй тавьсан ажээ. Эсэг олдохгүй тул нэгэн их хөхүүртэй таргийг авчраад Зэлмэ өөрөө бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав.
Чингис хаан, гурвантаа амран ууж өгүүлрүүн: "Дотор минь саруул болов" гээд өндийж суутал, үүр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Үүнийг Чингис хаан үзэж өгүүлрүүн: "Энэ юу вэ? Хол асгахгүй яасан юм бэ?" гэв. Үүнд Зэлмэ өгүүлрүүн: "Чамайг зовуурь байхад хол явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан билээ. Хэвэлд минь бас үлэмж оров" гэв. Чингис хаан бас өгүүлрүүн: "Намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад нүцгэн гүйж одов? Чи баригдвал намайг энд ингэж хэвтэнэ гэж хэлэх байсан биш үү?" гэвэл, Зэлмэ өгүүлрүүн: "Би ингэж бодсон билээ. Нүцгэн яваад хэрэв баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан үүнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм тайлж, гагцхүү өмдийг тайлаагүй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцас өгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хүрч ирж чадах биш үү? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нүд цавчих зуур шийдэж одсон билээ" гэв. Чингис хаан өгүүлрүүн: "Би одоо юу гэх вэ? Намайг урьд гурван мэргидэд хөнөөгдөж, Бурхан халдунд хоргодож, гурвантаа нэгжүүлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бүхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа өрж нүд үзсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ гурван ачийг чинь үүрд мартахгүй" гэж зарлиг болов.

146. Өдөр болоход үзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргүүд шөнөдөө бутран дутаажээ. Харин хүрээлж буусад иргэд, цэргийн хамт хурдан нүүж үл чадах учраас хөдөлсөнгүй хоцорчээ. Дүрэвсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас мордож, дүрэвсэн улсыг хураан явахад нэгэн улаан дээлтэй эм хүн "Тэмүжин, Тэмүжин" гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан өөрөө сонсож: "Ямар хүний эм ийнхүү уйлж байна?" гэж асуулгахаар хүн илгээв. Тэр хүн очиж асуувал тэр эм өгүүлрүүн: "Би Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргүүд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмүжинийг дуудаж уйлав" гэв. Тэр хүн буцаж ирээд Чингис хаанд түүний үгийг өгүүлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрий нь манай цэргүүд тэр завсар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг урин ирүүлж дэргэдээ суулгав. Маргаашийн өдөр тайчуудын Төдөгэгийн харъяат байсан Сорхон-шар, Зэв хоёр хүрч ирэв. Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн:

        "Хүзүүнд минь угласан
        Хүнд модыг
        Хөсөр хаясан
        Заханд минь угласан
        Заадас дөнгийг
        Зайлуулж өгсөн
        Эцэг мэт ачит
        Эрхэм ах та
        Ингэж юунд их хождож ирэв?"

гэв. Сорхон-шар өгүүлрүүн: "Би чамд дотроо гүн итгэсээр билээ. Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм, хөвүүд ба адуу малыг үнсээр хийсгэх нь магад тул би яарсангүй. Одоо хаандаа нийлж ирэв" гэв. Энэ үгийг сонсож, Чингис хаан: "Зөв" гэв.

147. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүүг хэн шартуулсан бэ?" гэвэл тэр үгийг сонсож, Зэв өгүүлрүүн: 

        "Уулан дээрээс харвасан хүн би билээ. Одоо хаан намайг
        Алъя гэвэл ал
        Алганы төдий газрыг
        Алаг болгож үмхийрэх
        Алд бие байна.
        Аваръя гэж санаад
        Амий минь соёрхвол
        Халд гэсэн газарт чинь
        Харайж очоод би
        Хар усыг цалгитал
        Хад чулууг хэмхэртэл
        Харь дайсныг довтолж
        Хаан чамд тусалъя.
        Цээлийн усыг цалгитал
        Цэгээн чулууг хагартал
        Чин зоригийг гаргаж,
        Чингис чамд тусалъя.
        Хүр гэсэн газарт чинь
        Хүрч очоод би
        Хүр чулууг хэмхэлье
        Хүний зүрхийг шанталъя!" гэв.

Чингис хаан өгүүлрүүн:

"Дайсны хүн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгүй шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хүзүүг зэвээр харвасан тул Зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нөхөрлөсөн ёс ийм билээ. (Чингис өөрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа бололтой.)


Монголын нууц товчоо: Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь  
Үзсэн: 5143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Dd [127.0.0.xxx] 2022-12-09 09:13
Goy22

Бидэнтэй нэгдээрэй