Шууд Chart

Гааль, НӨАТ-ын албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслүүдийг батлав

2019-11-29 09:48:40

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлсний дараа төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгох асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх үзэж холбогдох саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж  өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн  53.8 хувь нь дэмжсэний дараа хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. 

Түүнчлэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо мөн өдрийн хуралдаанаараа Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдлаа. 

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх хэлэх гишүүн гараагүй тул  Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь  хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив.   

 


Гааль, НӨАТ-ын албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслүүдийг батлав  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй