
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сайд танилцуулсан. Усны газрыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлснээр тус яамны үйл ажиллагаанд 20 гаруй арга хэмжээ нэмэгдсэн ба эдгээр ажлуудын дийлэнх нь өдөр тутмын гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйлчилгээний ажлууд байгаа юм. Энэ нь тус яамны үндсэн үйл ажиллагаа болох бодлого боловсруулан батлуулах, түүнийг хэрэгжүүлэхэд ихээхэн саад, бэрхшээлийг учруулж байгаа ба усны талаарх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын бүрэн эрхийн хүрээнд шилжүүлсэн. Ингэснээр Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй, үйл ажиллагаа доголдож, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.
Мөн тэрбээр танилцуулгадаа, Усны тухай хуульд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулахаар болон Усны үндэсний хороог Усны үндэсний зөвлөл болгон статусыг дээшлүүлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгалаа. Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дотоод бүтэц дэх усны асуудал хариуцсан нэгжид ажиллаж байгаа орон тооны дийлэнх хэсгийг энэ хууль батлагдсаны дараа шинээр байгуулагдах бүтцэд шилжүүлэх буюу төсөвт дарамт үүсгэхгүйгээр, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулах болно гэж байлаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хуулийн төсөлд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, усны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Усны үндэсний зөвлөлөөс гарах шийдвэрийг хэрэгжүүлэхэд удирдлагаар хангаж, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахаар тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг, Х.Болорчулуун нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ үерийн болон газрын гадаргын усыг хуримтлуулах тодорхой бодлого гаргаж цогц ажил хийх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Усны аж ахуйн яам байгуулах, гадаадын зээл, тусламжийг усыг хамгаалах, сэргээхэд зарцуулах, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат мэргэжлийн боловсон хүчнийг удирдлагаар томилох, цаашид үе шаттай бэлтгэх гэсэн саналыг тус тус гаргасан болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тоггоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдав.
Хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,5 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.