
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.11.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулав.
Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байгаа юм байна.
Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг Н.Цэрэнбат гишүүн танилцуулсан.
Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол хүний генийн асуудал ялангуяа хоол хүнс, бие бялдар, цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицсон байдал, зан заншилтай нь холбож, Монгол хүний генийн чадавхийг нарийвчлан судлах асуудалд онцгой анхаарал хандуулах, УИХ-ын гишүүн А.Сүхбат ховордсон ургамлыг хамгаалах, ашиглах зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгах, энэхүү асуудлаар сурталчлан таниулах ажлыг хийх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байгальд ургаж байгаа биологийн нөөц ховор ургамлыг хамгаалах, ашиглах, хадгалах, нэн ховор, ховор зүйл ургамлыг тарималжуулах асуудалд анхаарах, биотехнологийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны салбар судалгааны байгууллагуудын оролцоог хангаж, төрөөс дэмжих зэрэг саналыг тус тус хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.4 хувь нь дэмжив.
Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.