
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.11.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ.
Уг гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулахдаа, дээрх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн гэлээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодруулга хийж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлав | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.