
УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Болдын Амарбаясгалан нэр дэвшүүлснийг танилцууллаа. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.
Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.