
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүн санаачилж 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийсний зэрэгцээ нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёоллуудыг бэлтгэжээ.
Ингээд Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж өөрчлөн найруулж, төслийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “нэр дэвшигч” гэсний өмнө “Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж, төслийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь заалтын “нэгээс илүү тойрогт” гэсний өмнө “энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж тус тус нэмэх, төслийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсгийн “төрийн албанаас хална” гэсний өмнө “Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу” гэж нэмэхээр тогтов. Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “04 дүгээр сарын 01-ний” гэснийг “08 дугаар сарын 01-ний” гэж, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхөөр боллоо. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн холбогдох бусад албан тушаалтнууд нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших бол 08 дугаар сарын 01-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх, орон нутгийн сонгуулийн санал авах өдрийн 20:00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоохоор тусгагдаж байгаа юм.
Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуугатай 28.8 дахь хэсгийг нэмэх, төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг “сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэж өөрчлөхөөр тогтлоо. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төв 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж өөрчлөх, төслийн 78 дугаар зүйлийн 78.2, 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийг тус тус хасахаар боллоо.
Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүлгийг хийлээ. Тус Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан хэдий ч эдгээр хуулиудад тухайн асуудлыг зохицуулсан зохицуулалт байхгүй тул мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдлыг арилгах хэрэгцээ, шаардлага үүсчээ. Иймээс Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулах замаар хууль хоорондын зөрчлийг арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу асуудлыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны танилцуулга болон хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.