Шууд Chart

СЗХ-ны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо

2020-01-31 18:56:05

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.31) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнд Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг тус тус нэр дэвшүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус бүр нэг нэр дэвшигч санал болгох хуулийн зохицуулалттай.

Ингээд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан нар тус тус танилцуулсан. 

Нэр дэвшигч Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд МУИС-ийн Олон улсын  харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд “Либерти” дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистрийн зэргийг тус тус хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ.

Нэр дэвшигч Н.Хүдэрчулуун нь 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн. 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгсөж, 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, үнэт цаас, хөрөнгийн зах зээлиг хөгжүүлэх ахиц дэвшил гаргахад анхаарах, банк бус санхүүгийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд үйл ажиллагаанд хяналт тавих,  зээлийн өндөр хүүг буруулах,  ломбардын үйл ажиллагааг цэгцлэх талаар бодлого барьж, чин шударгаар, шаргуу ажиллахыг захиж байлаа.  

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.0 хувь нь тус тус дэмжиж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээс О.Батбилэгийг чөлөөлөхөөр боллоо. 

Дараа нь “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг горимын саналыг дэмжсэн тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан. 


СЗХ-ны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй