Шууд Chart

ОХУ-ын Хүний эрхийн байгууллагууд нүүр танигч технологийг ашиглахыг эсэргүүцжээ

2020-02-02 10:51:30

ОХУ-ын нийслэл Москва хотод нүүр танигч камеруудыг олон тоогоор нь ашиглаж эхэлсэн байна. Харин тус улсын зарим иргэн төдийгүй Хүний эрхийн байгууллагууд энэ үйлдлийг эрс эсэргүүцэж, шүүхэд зарга мэдүүлэхээр болоод байна. Энэ сарын эхээр Москва хотын дарга Сергей Собянин нүүр танигч шууд бичлэгийн камеруудын тоог нэмсэн талаар мэдээлж байжээ.

Харин Оросын бизнесмен, цахим засаглалын шинжээч Алиона Попова гэх эмэгтэй иргэдийг нүүр танигч технологиор тасралтгүй хянаж байгааг эсэргүүцсэн байна. Тэрбээр энэ үйл явдал иргэдийн хувийн төдийгүй бусад хүний эрхэнд халдсан гэж үзэж байгаа юм.

Алиона Поповагийн нүүр танигч технологийн эсрэг тэмцлийг Оросын улс төрч Владимир Милов болон Хүний эрхийн байгууллагууд дэмжиж эхэлжээ. Хэргийг Москва хотын Тверской дүүргийн шүүхээр хэлэлцэхээр төлөвлөж байна.

Зарга мэдүүлэгчид олон нийт цуглаан болон хөл хөдөлгөөн ихтэй газарт нүүр танигч технологийг ашиглахыг хориглохыг шаардаж байгаагаас гадна аль хэдийнэ цуглуулаад байгаа мэдээллүүдээ устгахыг эрх мэдэлтнүүдээс шаардаж байгаа юм.

Харин ОХУ-ын Засгийн газраас нүүр танигч технологи нь иргэдийн хувийн эрхэд халдахгүй байх, бусад иргэний эрхийн асуудлыг хөндөхгүй байх талаар тайлбар өгөөгүй байгаа гэнэ. Засгийн газраас дээрх технологи нь гэмт хэргийн гаралттай тэмцэхэд ихээхэн тус нэмэртэй байгааг онцолж байжээ.

Алиона Попова өнгөрсөн жил болсон олон нийтий жагсаалд оролцсоны төлөө торгууль төлж байсан. Тэрбээр энэ үйл явдлын дараагаар Москва хотын цагдаа болон мэдээллийн технологийн хэлтсийн эсрэг зарга мэдүүлэх гэж оролдож байжээ. Тэрбээр нүүр танигч технологи нь зөвшөөрөлгүйгээр иргэдийг таниж, тогтоох мөн тагнах боломжийг эрх мэдэлтнүүдэд олгоно гэж үзэж байна. Москва хотод 160 000 ширхэг ССТВ камер байдаг бол энэ сард дээрх камеруудын тоог дахин нэмжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Хүний эрхийн байгууллагууд нүүр танигч технологийг ашиглахыг эсэргүүцжээ   
Үзсэн: 2725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй