Шууд Chart

Бүлгийн дарга нар эдийн засгийн чуулганы үеэр нэг асуултад хариуллаа

2014-03-25 17:08:31

“Монголын эдийн засгийн чуулган 2014” Төрийн ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ үеэр бид УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нараас нэг асуултад хариулт авсан юм. 
   
-Тавантолгой, төмөр замын талаар асууя. Төмөр зам тавигдахгүй яагаад долоон жил болсон бэ. Энэ асуудал дээр бид хэрхэх ёстой вэ. Засгийн эрх барьж байгаа АН ямар царигаар хаанаас юу барих гэж байна вэ? 

Д.Эрдэнэбат: -Монгол Улсын хөгжлийн төлөө улстөрийн намуудын зарчмын том ялгаа зүйл анзаарагдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ зорилтод хүрэх, арга барил, бодлогын хувьд зарчмын ялгаа ажиглагддаг уу гэвэл ажиглагддаг. Өнөөдөр ч гэсэн УИХ дээр төрөөс тавигдсан бодлогын хэмжээнд хэрэгжих үйл ажиллагаа дээр хоёр намын ялгаа байгаа. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 24 жилийн хугацаанд, шинэ Үндсэн хуулиа батласнаас хойш Монгол Улс үндэсний хөгжлийн цогц бодлоготой явж ирээгүй. Монголын үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг бол Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль байх ёстой. Харамсалтай нь бид үүнийг хийж чадаагүйгээс болж Монгол оронд алдсан зүйл их байгаа.

Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийгээ тодорхойлж чадаагүйгээс улс төрийн намыг яаж авч явах гэдэг тодорхойлолтод хашигдаж энэ бодлогоо хэрэгжүүлж чадаагүйн алдаа бидэнд байгаа. Энэ өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн яригдаж байгаа сэдэв бол хөгжлийн бодлогыг яаж төлөвлөх вэ гэдэг асуудал. Хөгжлийн бодлогыг хэрхэн төлөвлөх вэ гэдэг талаар ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр бид энэ цогц бодлогыг үндэсний хэмжээд зайлшгүй авч хэлэлцэх ёстой. Үнэнийг хэлэхэд, ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 23 жилийн хугацаанд, Монгол Улс шинэ үндсэн хууль батласнаас хойш Монголын хөгжлийн үндэсний цогц бодлоготой явж ирээгүй. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг бол Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль байх ёстой. Харамсалтай нь бид үүнийг хийж чадаагүйгээс болж маш их зүйлийг алдсан.

Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Цогц бодлогоо тодорхойлж чадаагүйгээс энд хүрэх арга замаа улс төрийн аль нам нь яаж авч явах вэ гэдэг энэ тодорхойлолтод хашигдаж, тэр бодлогоо хэрэгжүүлж чадаагүй алдаа бидэнд бий. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилж байгаа. Өнөөдрийн тавьж буй асуудал бол хөгжлийн бодлогыг яаж төлөвлөх вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ цогц бодлогыг үндэсний хэмжээнд авч ярилцах нь зайлшгүй хүлээгдэж байгаа асуудал мөн гэж ойлгосон. Улс орны эдийн засаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ гэдэг асуудлыг бид ярьж байна. Манай эдийн засаг өнөөдөр уул уурхай  дээр тулгуурлаж байгаа ч энэ нь биднийг байнга авч явах салбар биш.

Нэгэнт эхлүүлсэн “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслийг хэрэгжүүлж дуусгах нь энэ улсын зорилго мөн үү гэвэл мөн. Эдгээр төслийг хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу явсан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Энэ алдааг засах үүргийг УИХ дахь олонхийн бүлгээс Засгийн газарт өгсөн. Тавантолгойн менежментийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал байна. Тавантолгой төрийн удирдлага дор үнэхээр үр ашиг муутай ажиллаж байгаа бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол хэдэн жилийн өмнө хийгдсэн гэрээний үр дүн. Төмөр замын асуудал өнөөдөр зургаа дахь жилдээ яригдаж байна. Төмөр замыг геополитикийн хувьд авч үзэх үү эсвэл эдийн засгийн хувьд авч үзэх үү гэдэг улс төрийн том гацаа үүссэн. Энэ бол хэн нэгний дур зоргоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг Монголын улстөрчид хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Монгол Улс энэ хоёр улстай мөнхийн хөрш байх тул геополитикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тэнцвэртэй байх зарчмыг хадгалж үлдэх нь чухал.

С.Бямбацогт: -Өнгөрсөн 24 жилийн улс төрийн түүхийг авч үлдэх юм бол найман жилд нь МАН дангаараа засаг барьсан. Найман жилд нь хамтарсан, үлдсэн зургаан жилд нь АН засгийн эрх барьсан байдаг. Ингээд үзэхээр алдаа оноо амжилт гээд бүхий л зүйл энэ хоёр намтай салшгүй холбоотой. Бие биеэ буруутгах шаардлага байхгүй. Бид Засгийн эрх барьж байхдаа Оюутолгой, Тавантолгой ТЭЦ 5 гээд томоохон төслийг бид эхлүүлсэн.  Харамсалтай нь өнөөдөр аль нь алга. МАН эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ хүртээмжтэй болгоё гэсэн бодлого барьж эхэлсэн.

-Монгол Улс уул уурхайгаас олсон мөнгөө юунд зарцуулах юм бэ?
Д.Эрдэнэбат: -Танай манай нам гэж яримааргүй байна. АН эдийн засгийг тэлэх бодлого барина гэдгээ удаа дараа хэлсэн. Зээл гэдэг ойлголт буруу гэж зарим хүмүүс хэлсэн. Монгол Улсад ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байхад гуравхан сая хүн амтай, цэлгэр уудам Монгол орон өөрийгөө хөгжүүлэхийн тулд, улс орноо өөд нь татахын тулд зээл авах эрхээ хасуулж болохгүй. Энэ бол бидний үзэл баримтлал. Монгол орон хөгжих ёстой юм бол импортыг орлох бүтээгдэхүүн, нэн тэргүүнд шатахуун, цемент, ган, зэс боловсруулах үйлдвэрээ хамгийн түрүүнд байгуулах ёстой гэж үзсэн. Монгол Улс баялгийн сангаа байгуулаад хуримтлал бий болгох ёстой гэж үзсэн. Энэ хуримтлалаараа ард иргэдийнхээ ирээдүйн амьдралыг баталгаажуулах үүрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас төсөвт дулдуйдсан эдийн засгаас арай өөр арга замаар явъя гэсэн бодлогыг барьж байна.

-Үйлдвэрлэгч нь хэн байх вэ, төр үү, хувийн хэвшил үү?
Д.Эрдэнэбат: -Хувийн секторын үйлдвэрлэлийг дэмжинэ. “Чингис” бонд, “Самурай” бондыг хуучин шиг зүгээр тараана гэж ойлгож болохгүй. Эдгээр бондын хөрөнгийн ихэнхийг нь бид арилжааны банкуудаар дамжуулан, хувийн хэвшлийг дэмжих зээл болгон зарцуулж байна. Харамсалтай нь, үүнийг ярьж байгаа хүн тун цөөн байна. Энэ барилгын салбар дахь бүтээн байгуулалтууд, төмөр арматур, цемент үйлдвэрлэх ажил бүгд эргэн төлөгдөх зээлээр хэрэгжиж байгааг ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн хүнд өгөөд байхгүй болж байгаа зүйл нэг ч байхгүй. 

-Төр заавал бидний татварыг, бидний ирээдүйг барьцаалж зээл авснаас хувийн сектор нь өөрөө хариуцлагаа хүлээгээд зээлээ олоод явбал ашигтай гэж хэлэх хүн байх юм? 
Д.Эрдэнэбат: -Тэгж болно. Харамсалтай нь өнөөдөр 40 хувь дээр зээлийн хязгаар тавигдсан байгаа. Хэрэв хувийн хэвшил олон улсаас зээл авна гэвэл Засгийн газрын баталгаа хэрэгтэй болдог. Засгийн газрын баталгаа гаргалаа гэхэд, Монгол Улсын өнөөдрийн эрхзүйн тогтолцоогоор өрийн хэмжээ хязгаартай тул ийм зогсонги байдалд орчихоод байгаа юм.

-Гэхдээ зарим компани, жишээлбэл “Энержи ресурс” компани төрийн баталгаагүйгээр 500 сая ам.долларын хөрөнгө босгосон байдаг? 
Д.Эрдэнэбат: -Санхүүгийн боломжтой компаниуд бий. Гэхдээ олон улсаас зээл авахад зайлшгүй Засгийн газрын баталгаа шаардагддаг гэдгийг бодох ёстой.

-Хувийн компани зээл авахад Засгийн газар хажуугаар нь баталгаа гаргах нь ямар учиртай юм бэ? 
Д.Бямбацогт: -Бид УИХ дээр аль болох төрийн оролцоог багасгая, хувийн хэвшлээ дэмжье гэж ярьдаг. Бодит байдал дээр бүх юманд төр оролцдог. Төр цахилгаан станц барьж байна, төр төмөр зам тавьж байна. “Энержи ресоурс” компани Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын хөрөнгө босгоод төмөр зам барих гэж байхад нь наадахыг чинь төр барина гээд зогсоочихсон. Төр даатгалын компани, арилжааны банк байгуулж байна. Ийм байдлаар эрх баригчдын Их хурал дээр ярьсан зүйл нь амьдрал дээр өөрчлөгдөөд байгаа.

-Хамтарсан Засгийн үед Хөгжлийн банк байгуулагдсан. Хөгжлийн банкаар дамжуулаад төсвөөс гадна хоёр дахь төсвийг бий болгосон. Өнөөдөр олон улсын байгууллагууд “Монгол Улс хоёр төсөвтэй байна. Албан ёсны төсвөөрөө тооцоход өр чинь хоёр хувиас даваад, 10 хувьд хүрчихсэн байна. Хөгжлийн банкны зардлыг оруулах юм бол төсөв чинь ийм өндөр байна” гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр төсвөөс гадуур Хөгжлийн банк байхыг юу гэж үзэж байна вэ. Төсөвтэй яг адилхан үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү? 
Д.Эрдэнэбат: -Хөгжлийн банкны мөнгө төсвөөс гадуур явж байгаа. Өрийн удирдлагын тухай хууль одоо Улсын Их Хуралд өргөн баригдана. Энэ хуулиар Хөгжлийн банк болон улсын төсөв хоорондоо хэрхэн уялдах вэ гэдэг харилцааг зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ энэ хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд нэг тийш шийднэ.

Д.Бямбацогт: -Монгол Улс бол нэгдсэн төсөвтэй. Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа бүх төсвийг нэгдсэн төсөвт тусгах ёстой. Харамсалтай нь өнөөдөр хууль зөрчигдөөд явж байгаа. Түүнээс гадна Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадна хоёр дахь төсөв бий болгоод, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Хөгжлийн банкны тухай хуульд “жил бүрийн нэгдүгээр улиралд багтаж тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ УИХ-аар батлуулна” гэсэн заалт байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжихгүй байгаа.

Д.Эрдэнэбат: -Бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдаж байгаа. Энд бид нар улс төржих гэж орж ирээгүй. Хөгжлийн бодлогоо ярих гэж орж ирсэн. 

-Төрийн албаны залгамж халааг цаашид хэрхэн авч явах вэ. Нэг улс төрийн нам гарч ирэхээрээ өмнөхөө утга учиргүй үгүйсгэдэг. Бүтцийн өөрчлөлт хийж байгаад тэр чигээр нь алга болгох юм. Үүнд хариулт өгөөч?
Д.Эрдэнэбат: -Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах зайлшгүй шаардлага байна гэж хэлсэн. Нэн тэргүүний зорилго нь улстөрчид болоод улс төрийн намуудын  хөгжлийн төлөө нэг чиг баримжаатай байх зүйл. Бидэнд шинэчлэх зүйл их байна. Төр эрхзүйн тогтолцооны хувьд ч тэр. Төрийн албыг улс төрийн нөхцөл байдлаас болж шинэчилж, өөрчилдөг “удамшсан” өвчин сонгууль болгоноор явдаг. Үүнийг хэрхэн эмчилж тогтвортой болгохыг  цогц бодлогод  зайлшгүй тусгах шаардлага байна. Гадаад бодлогодоо олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ нэг улс төрийн нам гарч ирж үгүйсгэдэг байдлыг зогсоох хэрэгтэй байна.  Энэ талын шинэчлэл рүү зайлшгүй явах хэрэгтэй.

С.Бямбацогт: -Өнгөрсөн 20 гаруй жил хангалттай улстөржлөө. Нэг нам гарч ирэхээрээ өнгөрснөө царцааж хий эргэдэг. Тодорхой зорилгын төлөө нэгдсэн зорилгын төлөө явсан бол өшөө илүү хөгжих байсан байх. Үүнд цэг тавих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч 2050 он гэж яриад байгаа нь хол сонсогдож байна.

-Улс төрийн намыг санхүүгийн тайлангаа гаргаагүй бол сонгуульд оруулахгүй байх талаас нь ард түмэн шаардвал яасан юм гэсэн саналыг их олон хүн дэмжсэн байсан?
Д.Эрдэнэбат: -Авлигыг захиргааны аргаар шийдэхгүй  л дээ. Төр аль болох бизнесийн оролцооноос хөндий байх тусам авлигын индекс буурах ёстой. Төр бүхнийг шийддэг босоо тогтолцоог аль болох хэвтээ  болгож байж хэрэгтэй. Төр оролцохгүй гээд төрийн зохицуулалтгүй улс орон гэдэг зааг ялгааг зөв ойлгох хэрэгтэй. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ажлын хэсэг дээр явж байна. Улс төрийн намууд авлига авдаг гэдэг ойлголт байдаг. Харин хандив дэмжлэг авдаг. Ялангуяа сонгуулийн үеэр хандив авдаг. Ер нь бол санхүүгийн тайланг ил тод болгох, тайлагнахыг хуулиар тогтоож өгөхийг АН зөв гэж үзэж байна. 

С.Бямбацогт: -Улс төрийн намууд санхүүгийн тайлан гаргадаг ч харамсалтай нь бодитой биш. Өнөөдөр улс төрийн намаар дамжаад төрд шургалдаг. Төрийн төлөө үнэнчээр ажиллах байтал хэрэг дээрээ тэгж чаддаггүй. Төр гэдэг үл үзэгдэх эрх мэдлийг өөрчлөх шаардлага байна. Төр зохицуулдаг, зөнд нь орхидог гэх мэт олон зүйл  байж болно. Төр дээд тал нь зохицуулдаг байх хэрэгтэй юм болов уу. Харин өнөөдөр төр хориглодог, хязгаарладаг. Тийм учраас бизнес эрхлэгчид болон ард иргэд төр хязгаарлалт хоригийг давахын  тулд  авлигын асуудал үүсч байна. 

-Хандив, авлига гэсэн хоёр асуудал яригдлаа. Авлига, хандив хоёрын ялгаа нь юу юм бэ. Хандивыг хувь хүн болоод компани улс төрийн намд өгсөн гэж бодоход давуу эрх шаарддаг уу?
Д.Эрдэнэбат: -Хандив гэж хуулиар тогтоосон хэм хэмжээтэй, нэршил байдаг. Үйл ажиллагааг дэмжиж ил тод  өгч байгаа дэмжлэг. Авлига гэдэг нь нууцаар үйлддэг эд юм биш үү. Хандив өгчихөөд нөхцөл тавьдаг зүйл байхгүй ш дээ.

С.Бямбацогт: -Д.Эрдэнэбат дарга ерөнхийд нь бараг хариулчихлаа даа. Хандив бол сэтгэлээрээ, итгэл үнэмшлээрээ  өгдөг эд байх. Авлига гэж хүн ажлаа бүтээх гэж тодорхой зорилгодоо хүрэхийн тулд саад бэрхшээлийг давах гэж өгдөг зүйл. Сүүлийн үед хандив нэртэй авлига их байгаа байх. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өгснийг нь биш авсныг нь өгдөг болгоё гэсэн байгаа. Энэ тал руу явах нь чухал байх.  

Д.Эрдэнэбат: -Өнөөдөр бид энд суугаад зовлон жаргалаа ярилцаж байгаа нь туйлын зөв. Бусад чуулганаас улс төрчид болон парламентад хамгийн олон суудалтай намын төлөөлөл болоод баялаг бүтээгчид эдийн засгийн газрын зургаа дэлгээд ярилцаж байгаа  нь  онцлог байна. Монгол орон зах зээлд анх орохдоо ганзагын наймаа, тохиролцооны дэлгүүрээс эхэлсэн юм шүү. Гэтэл өнөөдрийн  орчин түүнээс ялгаатай байгааг бид мэдэрч байгаа. Үүнээс илүү байгаасай гэж хүсч байгааг бид мэдэрч байгаа. 2009 онд дөрвөн арвын хуулиар эдийн засгийн хямралыг давж гарсан гэж хэлсэн Лхагважавын хэлдэг үнэн. 2014  энэ  бизнесийг дэмжиж, татварын хөнгөлөлтийг зөв  хөнгөлөх тал дээр төр санал нэг байгаа гэж бодож байна. Хаврын чуулганаар Их хурал юу хэлэлцэх вэ гэдгийг хамгийн түрүүнд АН-ын бүлэг авч хэлэлцэнэ гэдгийг хэлмээр байна.


Бүлгийн дарга нар эдийн засгийн чуулганы үеэр нэг асуултад хариуллаа   
Үзсэн: 1790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй