
Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгж байгуулах асуудлыг мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. Гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2020-2023 онд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Судалгааны үндсэн дээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох, хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах төслүүдийг хэрэгжүүлэх хүнсний хог хаягдлыг дахин боловсруулалтыг өргөжүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил хийх аж.
Энэ хүрээнд таван хорооны 10 өрхийн дунд иргэдийн оролцоотой хүнсний хог хаягдал дахин боловсруулах, таван сургууль, таван цэцэрлэгийн дунд сурагчдын оролцоотой хүнсний хог хаягдал дахин боловсруулах, хүнсний хог хаягдлаар өдөрт 2000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгууламж байгуулахаар зорьж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Ж.Батбаясгалан "Дэлхий дахинаа НҮБ-ын тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжиж буй төслийн нэлээд томоохон хувийг ядуурлыг бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг төслүүд эзэлж байна. Тэр дундаа хүнсний хог хаягдлын судалгаа томоохон байр суурьтай байгаа. Нийт хүнсний гуравны нэгийг хаяж байна гэдэг судалгаа байдаг. Иймээс хог хаягдлаа дахин боловсруулж, улмаар ядуурлыг бууруулах ёстой гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа. Энэ хүрээнд бүс нутгууд улс орнууд бие биедээ дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд уг төсөл манайд хэрэгжихээр болсон" гэв.
Хуралдаанаар “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгж байгуулахыг дэмжив.
Эх сурвалж: НИТХ
“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгж байгуулахыг дэмжив | ||
Үзсэн: 1595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.