
Манай улсад Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн хүнсний хэрэгцээ хэр аюулгүй, баталгаатай байх эсэхийг ерөнхийдөө дээрх хуулиудаар зохицуулдаг гэж хэлж болно.
Харин иргэдийнхээ хүнсний хэрэгцээний ихэнх хувийг импортоор хангадаг манай улсад БНХАУ-ын хүнсний бүтээгдэхүүнүүд түлхүү орж ирдэг нь нууц биш. Санхүүгийн хувьд боломжийн амьдралтай иргэд импортын хүнсээс сонгохдоо барууны, чанартай гэсэн өндөр үнэтэйг нь сонгож хэрэглэх нь бий.
Гэвч манай улсын дийлэнх иргэд Хятадаас импортлогдсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэр дундаа хүүхдүүд сургуулийнхаа ойр орчмоос хаяг шошгогүй, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй чихэр, бохь, самар зэргийг иргэдийн гар дээрээс эсвэл ТҮЦ-нээс авдаг. Өнгө алагласан элдэв хэлбэр дүрстэй тэдгээр бүтээгдэхүүнүүд нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх олон химийн бодис агуулсан байдаг байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн дөрөвдүгээр сарын хоёрны өдрийн сорилтын дүнгээр БНХАУ-аас импортлогдож буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд /”бөгжтэй чихэр”, “тэсэрдэг чихэр”/ нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр нянгийн бохирдолтой /алтлаг стафилококк, бациллус цереус илэрсэн/, химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон болон хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ шаарддаг, ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлт будагч бодис /Е-102, Е-110, Е-124, Е-129/ илэрчээ.
Хүүхдүүдийн хамгийн ихээр хэрэглэдэг өнгө алагласан олон төрлийн чихрүүдэд зарим улсад хориглосон хүнсний будагч бодис агуулагддаг байх нь. Тэдгээр чихэр зэргийг хэрэглэснээр харшил өгч, өвчин үүсгэхээс гадна бяцхан үрсийг минь үхэлд ч хүргэх аюултай байна. Энэ бүхнийг хянаж зохицуулах үүрэг бүхий том бүтэц, өргөн төсөвтэй Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэтэл юу хийж байна вэ.
Энэ талаар тодруулга хийлээ. Гаалийн ерөнхий газар эрх үүргийнхээ хүрээнд Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг мөрдөж ажилладаг. Энэ “хортой” чихрүүд хилийн шалган нэвтрүүлэх олон шат дамжлагын хаагуур нь ороод ирснийг асуулаа. Гаалийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр бол улсын хилээр нэвтрэх хүнсний бүтээгдэхүүнд эхлээд Мэргэжлийн хяналтынхан шинжилгээ хийж, импортын мэдэгдлийн хуудас өгдөг байна. Тус гэрчилгээнд амьтан ургамал, түүхий эдийн нэр төрөл, биет үзлэг шалгалт, лабораторийн шинжилгээт шалгалт, улсын байцаагчийн дүгнэлт шийдвэрийг бичиж баталгаажуулалт хийгддэг.
Харин дээрх хортой бодис илэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухайд ганзагын наймаачдаар орж ирсэн байх магадлалтай талаар хэлж байна. Тодруулбал, хувь хүмүүст арилжааны зориулалтаар хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглодог учраас тодорхой аж ахуйн нэгжийн нэр дээр орж ирж байгаа бол дээрх дарааллын дагуу шалгагдаж ирдэг.
Гаалийн ерөнхий газрын байцаагчийн хэлснээр тэдгээр шалгалт шинжилгээг тойрч гарсан чихрүүд ганзагын наймаачдын гараар буюу бүр тодруулбал “гаальтай машинаар” орж ирдэг байх магадлалтай аж.
Иргэдийн сайн мэддэг тэдгээр гаальтай машинууд нь гаалийн байцаагч нартай “найзууд” болсон нэг ёсны дархлаатай машинууд байдаг бөгөөд тэр машинаар орж ирж байгаа иргэдийн ачаа тээшин дэх хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнийг огт шалгагддаггүй гэсэн үг.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх хортой чихрийн талаар тодруулахад мөн л өнөөх гаальтай машин руу бурууг чихсэн юм. Тодруулбал, МХЕГ-ынхны хэлснээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавьдаг байна. Харин өнөөх “дархлаатай” машинд яваа иргэдийн машинд л хяналт хийдэггүй гэнэ.
Одоо нэгэнт хортой чихрүүд хилээр орж ирээд тэр нь шинжилгээгээр хортой нь нотлогдчихлоо. Харин тэр хортой чихрүүдийг нь хүүхдүүд хэрэглэж байна.
Нэгэнт ийм нөхцөл байдал үүсчихсэн хойно хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуулт гарч ирнэ. Бидний энэ асуултад МХЕГ, ГЕГ тоймтой хариулт хэлсэнгүй. Хариуцлага гэдэг үгнээс зугтаж байгаа бололтой. Иргэд өөрсдөө л баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, гудамжнаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаа болих ёстой гэнэ. Миний бодлоор бол дээрх мэргэжлийн байгууллагуудын буруугаа чихэж суугаа “гаальтай машин”-ыг л зогсоох хэрэгтэй болж байна. Гаалийн байцаагчтай найзлаж ойр зуурын хэрэглээг нь дөхүүлж өгснийхөө төлөө хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг хилээр оруулж ирж буй тэдгээр “дархлаатай” машины “дархлаатай” үйлчлүүлэгчдэд л хариуцлага тооцвол сайн сан.
Хортой чихэр хил давуулсан гол буруутан нь “Гаальтай машин” | ||
Үзсэн: 7253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.