Шууд Chart

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2020-08-18 17:11:43

Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны хуралдаанаар баталж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан. Уг хуульд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 74.7 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай байхаар тусгасан юм. Корона вирусын халдвар цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учруулж, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурчээ. Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Үүний улмаас Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ялангуяа ДНБ-ий хэмжээ буурахаар байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгосон байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Баделхан, С.Амарсайхан, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа.

Төсвийн алдагдлыг байгаагаас бага хэмжээгээр тооцож байсан ч корона вирусийн цах тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийн орлого нэлээд хувиар буурсан болохыг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн юм. 2020 оныг хамгийн хүндрэлтэй байна хэмээн тооцоолж байгаа бөгөөд цаашид корона вирусийн эсрэг вакцин гарах, шинжилгээний арга, төрөл нэвтрэх магадлалтай. Бусад улс орны тандалт, хандлагаас харахад ирэх жил 4-5 хувиар өсөх төлөвтэй учир бодит байдал болон ирэх онуудын төлөвийг төсөлд тусгасан гэв. Тодруулбал, 2021 онд эдийн засаг 7.2 хувиар өснө, 2022 онд 4.4 хувиар өснө хэмээн үзсэн байна. Энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлээр инфляцийн түвшин 3.4 хувьтай байгаа бөгөөд төсөлд 3.8 байхаар тооцоо хийсэн гэв. Энэ жилдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.7 их наяд төгрөгөөр, ирэх жил 11.4 их наяд төгрөг, 2022 онд их наяд төгрөгөөр төсөөлсөн нь эдийн засгийн өсөлттэй уялдуулсан тооцоолол болохыг Сангийн сайд тайлбарласан. Ирэх онд 500 сая ам.долларын бондын төлбөр хийгдэх ёстой бөгөөд 100 сая ам.долларыг хуримтлалаас төлж, үлдсэн хэмжээгээр нь бонд гаргах тооцоололтой  байгаа аж. Цар тахлын нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн тохиолдолд, дотооддоо алдчихвал өрийн босго нэлээд шахагдах, ихээхэн дарамт үүсгэх эрсдэлтэй гэв. Засгийн газар өрийн асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахаар төлөвлөөд буйг тэрбээр энэ дашрамд хэлж байлаа. Өрийн босго 2020 онд 70 хувь, ирэх жилд 60, 2022 онд мөн 60 хувьтай байгаа бөгөөд төсвийн хүрээндээ Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-д ирэх жил 58.4, жил тутам 4 пунктээр буулгахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн гишүүдийн тодруулсны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар, концессын талаар, экспортын нөхцөл байдлын талаар тодруулга, мэдээлэл өгсөн юм. Төсвийн алдагдлын санхүүжилтийн талаарх асуултад тэрбээр хариулахдаа, 1.2 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гарахаар тооцоод байгааг хэллээ. Монголбанк банкуудтай холбоотой асуудлаа цаг тухайд нь шийдвэрлэж, арга хэмжээ аваагүй учраас үүссэн эрсдлийг хариуцан Капитал банк дээр Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөний үлдэгдэл болох 240.6 тэрбум төгрөгийг төлүүлэхээр төлөвлөсөн байна. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтүүдийг тодорхой хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн хөтөлбөрийн зээлийг 2.3 их наяд хэмээн тооцсон бөгөөд одоогийн байдлаар 299 сая ам.долларыг авсан байна. ЖАЙКА-гаас 280 орчим сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар гээд нийт 2.3 их наядын зээлийг авахаар гэрээ хэлцэлүүд хийгдчихсэн байгааг болохыг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллээ. Мөн Тогтворжуулалтын сангийн мөнгийг төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор ашиглах хууль эрх зүйн орчинтой учраас 150 тэрбум төгрөгийг ашиглах бололцоотой гэж тооцсон гэв. Ийм байдлаар бонд гаргахгүйгээр алдагдлыг санхүүжүүлэх тооцооллыг хийсэн талаар тэрбээр тайлбар мэдээлэл өгсөн юм.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Амарсайхан нар төсөл, арга хэмжээний санхүүжилтийг он дамнуулан төсөвлөх, тодорхой гүйцэтгэлтэй ажлуудын санхүүжилтийг тодотголын хүрээнд хасчихаар өртөг, зардал эрс нэмэгдэх гээд байгааг сануулж хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хүний хөгжлийн асуудалд анхаарал хандуулахгүй, төсөв хөрөнгө зарцуулахгүй байгааг шүүмжилсэн бол Б.Чойжилсүрэн гишүүн энэ оны нэгдсэн төсвийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг, ДНБ-ий 12.5 хувьд хүрсэн буюу түүхэн дээд хэмжээнд хүрч буйг анхаарууллаа. Үүнээс үүдэн олон улсын санхүүгийн зах зээл дээр үүсэх сөрөг нөлөөллийг тооцох, өрийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллах шаардлагын талаар санууллаа. Тиймээс гишүүд төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулахад анхаарах шаардлагатайг гэв.  Экспортыг огцом нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг саналыг Б.Чойжилсүрэн гишүүн хэлж байлаа. Эдийн засгийн чиглэлийн салбарын сайд нарт үүрэг, чиглэл өгсөн бодлогын баримт бичиг батлах шаардлагатай гэдгийг Х.Булгантуяа гишүүн хэлсэн. Зөвхөн Сангийн яам төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь хангалтгүй, эдийн засгийн чиглэлийн салбар бүр биеэ даасан бодлоготой, экспортыг нэмэгдүүлдэг, валют оруулж ирдэг, зарим санхүүжилтээ өөрсдөө шийддэг, харъяа төрийн өмчит компаниудынх нь тайлан, баланс зохистой байгаад, олон улсын зах дээрээс санхүүжилт босгох чадвартай, эргэн төлөлтөө хийдэг байхаар шахаж ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах бололцоотой газруудын хүн хүч, хөрөнгийн асуудлыг шийдээд тэдгээрийг шахаж ажиллах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь 81.8 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй