Шууд Chart

Я.Мөнхчимэг: Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэх, сошиал медиа ашиглах цаг ихэссэн учир аяны талаарх мэдээлэл сайн хүрч байгаа

2020-11-30 17:38:29

Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нд тохиосон. Энэ өдөртэй холбогдуулан Монголын Эмнести интернэшнлийн Удирдах зөвлөлийн гишүүн,

-Хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх вэ ?

-Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглалыг 1998 онд баталсан байдаг. Энэ тунхаглалд “хувь хүн бүр бусадтай хамтран үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах эрхтэй” гэж заасан байдаг. Хүний эрх хамгаалагчид гэж хэн бэ гэхээр хүний эрхийг хамгаалдаг ажил хийдэг, бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс гэж ойлгож болох байх.. Үүнд, багш, хүний эрхийн зөрчлийн хохирогч\даван туулагч, тэдний гэр бүл, байгаль хамгаалагч, хуульчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, шүгэл үлээгч, Хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтан, сэтгүүлч, эмнэлгийн эмч, мэргэжилтэн, оюутнууд гэх мэтчилэн маш олон хүн багтана.

Тухайлбал, багш хэрхэн хүний эрх хамгаалдаг вэ гэвэл тухайн багшийн удирдсан ангийн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг олж мэдсэн тохиолдолд багш холбогдох байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй. Мөн шүгэл үлээгч нь хүний эрхийн ямар нэгэн зөрчлийг хамгийн түрүүнд олон нийтэд мэдээлдэг. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрлөх эрхийг хангахын төлөө ажилладаг. Хуульчид бол маргаангүй хүний эрх хамгаалагчид юм. Гэх мэтчилэн хэн ч хүний эрх хамгаалагч байж болно. Гол нь ажил үйлсдээ баримталж буй зарчим нь хүний эрхийн үнэт зүйлд нийцсэн байх ёстой. Нөгөө талаас хүний эрх хамгаалагчид үйл ажиллагаандаа хүчирхийллийн бус аргыг хэрэглэх нь маш чухал.

Эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн зохицуулалт чухал

-Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдрийг дэлхий дахинд хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Дэлхийн улс орнууд 2006 оноос хойш 11 дүгээр сарын 29-нийг Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр эмэгтэй хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчныг шаардах, тэдэнд тохиолддог асуудал бэрхшээлийг олон нийтэд таниулах зэрэг үйл ажиллагааг хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулдаг.

НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч, эмэгтэй хүний эрх хамгаалагч гэж эмэгтэй эсвэл эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн асуудлаар ажиллаж байгаа хүмүүсийг хэлнэ гэж тодорхойлсон юм билээ. Яагаад эмэгтэй гэж онцлоод байна вэ гэвэл эмэгтэй хүний эрх хамгаалагчид эрсдэлд өртөх магадлал маш өндөр байдаг. Ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл, заналхийлэлд өртөх эрсдэлтэй. Хийж буй ажил, нийгэмд эзэлж буй жендэрийн үүргээс нь болоод нэр төрийг нь гутаан доромжлох, мөрдөх, өөрийг нь болон гэр бүлийг нь айлган сүрдүүлэх гэх мэтчилэн асуудалтай нүүр тулдаг. Мөн зөрчил мөргөлдөөний үед эмэгтэй хүний эрх хамгаалагчдын асуудал маш хурцаар тавигддаг.

-Өнөө цагт хүний эрх хамгаалагчдад ямар саад бэрхшээл тулгарч байна?

-Яг одоогийн нөхцөл байдалд авч үзвэл “КОВИД-19” цар тахлын үед дэлхий нийтээр хөл хориотой, зарим хүний эрх ямар нэг байдлаар хязгаарлагдсан байна. Энэ үед улс орны Засгийн газруудад хандан хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааных нь улмаас хүний эрхийг хамгаалагчдын аливаа эрхийг зөрчихгүй байх, гуравдагч талаас үзүүлэх дарамт шахалтаас хамгаалах, хүний эрхийг хамгаалагчдын эрх, түүний дотор хүний эрхийг хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн санаачилгатай алхмууд хийх, төрийн үүрэг хариуцлагаа үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг хүний эрх хамгаалагчид баримталж, шаардаж байгаа.

Мөн хүний эрхийг зөрчихгүй байхыг зөвлөж байгаа. Тухайлбал, хүний хувийн орон зайд халдах, хувийн нууцыг нь олон нийтэд дэлгэх гэх мэтчилэн хүний эрхийн асуудлууд цар тахлын үед хурцаар тавигдаж байна. Энэ цаг үед дэлхий нийтэд маш олон хүний эрх хамгаалагчид хэрэгтэй байгаа. Тиймээс хүний эрх хамгаалагчид цаашдаа илүү олон болох, хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа, өргөжүүлэх хэрэгцээтэй цаг үе тохиож байна.

-Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ аяны талаар нарийн мэдээлэл өгөөч?

-“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг дэлхийн 187 улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд охид, эмэгтэйчүүдийн эсрэг, бэлгийн, гэр бүлийн хүчирхийлэл, хувь хүний жендэртэй холбоотой хүний эрхийн зөрчилтэй тэмцэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг нэг зорилго, уриан дор төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд нэгдэж зохион байгуулдаг гэдгээрээ маш онцлог. Өнгөрсөн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагууд түлхүү зохион байгуулж ирсэн. Харин энэ жилийн хувьд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт яг одоо хүчирхийллийг цэглэе” уриатай зохион байгуулж байгаа бөгөөд төр болон иргэний нийгмийн байгууллагуудын манлайлал, оролцоотойгоор маш өргөн хүрээтэй тэмдэглэж байна.

Ингэхдээ хөл хорио тогтоосон нөхцөл байдалтай уялдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиагаар мэдээ, нэвтрүүлэг, шторк, постер түгээх буюу медиа болон цахим хэлбэрээр явуулж олон нийтэд мэдлэг ойлголт өгч байна гэж ажиглаж байна. Хөл хорионы үед иргэдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэх, сошиал медиа ашиглах цаг ихэссэн учир аяны талаарх мэдээллийг сайн авч байгаа гэж би хувьдаа бодож байгаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Я.Мөнхчимэг: Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэх, сошиал медиа ашиглах цаг ихэссэн учир аяны талаарх мэдээлэл сайн хүрч байгаа  
Үзсэн: 2898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй