Шууд Chart

“Хамгийн дундаас онцгой”-н Жавзмаа

2021-03-10 08:48:16

Дуу төрүүлсэн эзэн

             “Хамгийн дундаас онцгой”-н Жавзмаа

            (Хөрөг найруулал)

Дарьгангын уудам тал нутгаас жараад жилийн тэртээ аялгуут сайхан эгшигээ цацрааж, өнөөдрийг хүртэл эх орныхоо өнцөг булан бүрт төдийгүй, таван тивийг дамнан дуулагдсаар байгаа, монголчуудын дэндүү сайн мэдэх, чухамдаа ардын дуу болтлоо сэтгэл, зүрхэнд хоногшсон “Хамгийн дундаас онцгой” дууны эзэн буурай, энэ цаг үеийг хүртэл дарууханаас даруухан амьдарсаар жар орчим жилийг ардаа орхисныг харин бид хэр зэрэг мэдэх билээ. Тухайн үедээ нутаг орондоо Соёлын хэлтсийн зааварлагч, Соёлын ордны дарга зэрэг дээгүүр алба хашиж явсан Готовын Гончигсүрэн гэдэг залуугийн хайрын галыг өдөөж, улмаар утга төгөлдөр сайхан дууны шүлэг бичих хүртэл нь хөглөсөн энэ хүн бол 1943 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төрсөн Галсанжамцын Жавзмаа юм. Эдүгээ нийслэл хотноо үр хүүхэд, ач, гуч нараа тойруулан, далай жаргалаа эдлэн суугаа буянтай буурал маань нас сүүдэр дал хол давсан ч тавин хэдтэй нэгэн шиг жавхалзан байх ажгуу. Сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдөн очсон намайг Г.Жавзмаа гуай элгэмсэгээр угтаж, нутгийн хүмүүсийн ёсоор хэл, яриа ч нийцэж эхлэв...

Аймгийн төв орж ажил хийхээр 17 настай охин Г.Жавзмаа 1959 оны шинэдээр сумаасаа анх удаа алсын аянд дөрөөлсөн нь Г.Гончигсүрэн гэдэг шавилхан бор залуутай танилцах тавилан заяаны нь эхлэл байв. Ахынх нь аймгийн төвөөс холгүй Амгалан хошуунд байх. Тэнд туйпуу үйлдвэрлэдэг жижигхэн цех байжээ. Үе, үе аймгийн төвийн албан байгууллагын ажилтан, ажилчид ирж субботник хийнэ. Аймгийн захиргааны Соёлын хэлтсийн зааварлагчын алба хашиж байсан Г.Гончигсүрэн нарын залуус мөнөөх туйпууны цехэд ажиллахаар ирсэн 1959 оны тэр нэгэн өдөр тэд анх танилцжээ. “Залуу хүмүүсийн ёсоор жирийн л танилцлаа” гэж бодож явтал, хэд хоногийн дараа мөнөөх Г.Гончигсүрэнгээс гурвалжлан нугалсан бяцхан зурвас ирж, хайр сэтгэлийн тухай цухалзуулсанд нь учиргүй их гайхаж, бас ичингүйрэв. Дараа, дараагийн захиануудаа шил даран илгээсэн ч, түүнийг нь авсан эсэх нь үл мэдэгдэн, шийдтэй хариу өгөхгүй л яваад байж. Бүр арга ядахдаа дүү нарт нь орхичихоод явчихна. Энэ байдлыг анзаарсан ахынх нь охин, хожмоо Химийн ухааны доктор болсон Г.Дулмаа эгч нь ятгаснаар, басчиг наанатай, цаанатайг бодох болов. Нэг өдөр Г.Дулмаа эгч нь “Аймгийн төв орж концерт үзье” гээд түүнийг дагуулан явав. Нэг мэдсэн, мань Г.Гончигсүрэн хажууд нь ирээд суучихсан байх нь тэр. Санаа нь зовоод олигтой ч юм ярьсангүй, “Энэ концерт бушуухан дуусаасай” гэсэн шүү юм л бодож суужээ. Харин тэр цагаас хойш сэтгэл нь нэг л өөр болох янзтай. Тийн байтал 1960 он ч гарав. Тэр жилийн зун Тэрбиш гэдэг зураачийн хамт гурвуул Онгон сум орохоор мотоциклтой гарч өгчээ. Хөдөө хээр түр буудаллаж байхдаа “Би чамд зориулж ийм нэг шүлэг бичсэн” гээд:

Ганган байгалийг тольдуулсан

Гангын нуур нь цэлгэр дээ!

Хайртай хоёрын харц нь

Хамгийн дундаас онцгой доо!... гээд уншихад нь нэг их баярлаж хөөрсөн ч үгүй, төдийлэн юм ч бодсонгүй, тэгэсгээд л өнгөрчээ. Аймагт олигтой ажил олдоогүй учир гэртээ үлдэхээр шийдэхэд нь Г.Гончигсүрэн, тэд яаж дуртай байхав. Тэгээд аргагүйн эрхэнд гэрт нь үлдээгээд буцжээ. Гэтэл хэдэн сарын дараа, нөгөөх зураач Тэрбиш нарын хэдэн хүний хамт бэр буулгахаар гэнэт ирж, аав, ээжийг нь сандралд оруулав. Тэр үед Г.Жавзмаа гуай үнээгээ саагаад сууж байжээ. Баахан мотоциклтой хүмүүс ирэхэд нь ичээд гэртээ ч орж чадахгүй байв. Хүний эх болсон хойно ээж нь хүрч ирээд “Энэ улсууд чинь миний охиныг авахаар ирсэн юм гэнээ” гэж хэлээд буруу харан нулимсаа арчихад нь өөрөө ч бас тэссэнгүй. Ийнхүү 1960 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр бараг богтлогдохоос наагуур юм болж байж, Сүхбаатар аймгийн төвд Г.Гончигсүрэнгийнх гэдэг айл гал голомтоо бадрааж, ууган хүү Г.Наранбат нь дараа жилийнх нь 9 дүгээр сарын 17-ны өдөр мэндэлж, залуу гэр бүлд аз жаргал авчирсан нь юутай сайхан байсан гэхэв. Мөн нэг жилийн дараа удаах хүү Г.Баттулга нь мэндэлж, улмаар охин Г.Наранцэцэг, Г.Оюунбат нарын дөрвөн сайхан үрийн зулай үнэрлэж, бусдын адил эгэл жирийн л сайхан амьдарцгааж байв.  “Хамгийн дундаас онцгой” шүлгэнд нь аймгийн Соёлын ордны хөгжмийн багш, хожмоо Монгол Улсын гавьяат жүжигчин болсон Б.Доржсүрэн эсгэлэн сайхан аялгуу зохиож, түүний хань, ард түмэндээ “Алтан гургалдайн хоолойт” хэмээн алдаршсан, нэрт дуучин Ш.Ичинхорлоо анхлан дуулж, Монголын радиогийн алтан сан хөмрөгт орж, улмаар төд удалгүй Монголын уран сайхны “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд, мөн хожмоо Монгол Улсын Ардын жүжигчин болсон Л.Жамсранжав аргагүй сайхан дуулсан зэрэг аз жаргалаар гийсэн өдрүүд ар араасаа цуварсаар л байлаа.  Тэрээр амьд сэрүүндээ “Юм гэж мөн ч сонин юм даа. Миний муу ганц дуу ингэж кинонд мөнхрөнө гэж бас байдагаа гээд л шагширч байсан даа” гэж хань нь хуучилж байна. Г.Жавзмаа гуай аймгийн Соёлын ордонд кассчин, мөн орон нутгийг судлах музейд ажиллаж, Санхүүгийн мэргэжилтэй Г.Гончигсүрэн гуай аймгийнхаа Гэрэл зургийн салбарын эрхлэгчээр ажиллаж, амьдрал ид тэгширэх насанд хайрт хань нь хүнд өвчнөөр өвчилж, 1973 онд нийслэл хотноо ханиа эмчлүүлэхээр шилжин ирсэн ч, засрал авалгүй байсаар, мөн ондоо цэл залуу 41-хэн насандаа бурхны орныг зорьсон нь юутай их харамсал билээ. Хэрвээ амьд сэрүүн байсан бол өөр хэчнээн олон дуу шүлэг тэрлэх байсныг хэн ч үгүйсгэхгүй дээ. Ямартаа л, наяад оны үед, “Сүхбаатарын зам” сонины эрхлэгчээр олон жил ажилласан, сэтгүүлч Ш.Бат-Өлзий нэгэнтээ Г.Жавзмаа гуайд “Өвгөний чинь бичсэн олон арван шүлэг, зохиолтой зузаан дэвтэр надад хадгалагдаж байгаа. Та нартаа өгнө” гэж ярьж байсан ч удалгүй, мөн бурхны орноо одож, тэр дэвтрийн хувь заяа чухам хэрхсэн нь мэдэгдэхгүй төгсвөр болжээ. Г.Жавзмаа гуайг найз нөхөд нь “Ганган байгалийн Жавзмаа” гэж авгайлсаар л байгаа авай. Тийм ээ, ард түмэндээ “Ганган байгаль” нэрээрээ алдаршсан энэ дууны жинхэнэ нэр нь “Хамгийн дундаас онцгой” гэдгийг тодотгохын ялдар, хайрт хань Г.Жавзмаагаа чин сэтгэлээсээ хайрлан байж өгсөн нэр болохыг нь мэргэн уншигчид одоо ойлгосон байх аа. Нэгэн насны ханиа хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш Г.Жавзмаа гуай Байгалийн түүхийн музей, Чойжин ламын музей, Богд хааны музейд тасралтгүй ажиллаж, өнчирч үлдсэн дөрвөн үрээ хүний дайтай өсгөхийн төлөө “Гадаа гарч эр, гэрт орж эм” болж явсаар, бүгдэд нь боловсрол эзэмшүүлснээр, ууган хүү Г.Наранбат нь эдүгээ америкт ажиллаж, амьдарч байгаа бол удаах хүү Г.Баттулга нь “Улаанбаатар” телевизэд олон жил зураглаачаар ажиллаж, сүүлийн жилүүдэд кино урлагт тууштай зүтгэж, “Аравт”, “Мойлхон”, “Жексон амьд”, “Худалч залуу”, “Зөрлөг” зэрэг 20 гаруй уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласаны зэрэгцээ, сүүлийн жилүүдэд урилгаар Өвөр монголд ажиллаж, “Амьдрах сайхан”, Торгууд ван” зэрэг олон ангит уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласан, чадварлаг уран бүтээлч гэдгийг хэлэх юун. Телевизэд хийсэн нэвтрүүлэг гэвэл “Цэнхэр дэлгэц-1,2,3”-аас өгсүүлээд жил бүрийн баяр наадмын нэвтрүүлэг, “Марзан Шарав” баримтат кино гээд л 4000 гаруй нэвтрүүлгийн дундаж тооцоо гардаг аж. Харин охин Г.Наранцэцэг нь Нэгдсэн 2 дугаар эмнэлэгийн Номын санч, удаах охин Г.Оюунбат нь Хувийн үйлдвэрийн эзэн гээд бүгд л ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн, өнөр өтгөн айл өрх болсон нь Г.Жавзмаа гуайг үр хүүхдүүдээ ямар хэмжээнд өсгөж хүмүүжүүлснийг нь тодотгох гэсэн зорилгыг агуулсан билээ. Зураглаач Г.Баттулга аавынхаа тухай “Би дөнгөж 2 дугаар ангид сурч байсан болохоор тэр бүрийг сайн мэдэхгүй л дээ. Харин нэг тохиолдлыг бүдэг бадаг санадаг юм. Манай аав фото зураг, тэр дотроо ан амьтан, байгалийн зургийг их сонирхдог хүн байжээ. Мөн ан гөрөөнд ч дуртай байсан байх. Одоо бодох нь ээ, Дарьгангын амралт руу тарвагачилах далимаар явсан санагдана. Нэг өдөр намайг дагуулаад Алтан-Овоон дээр гараад “Миний хүү аавтайгаа хамт овоон дээр гарсан гэж хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлж байсан юм. Ер нь аавын талын ахан дүүс нь гарын ур дүй сайтай, Баяндэлгэр сумандаа “Тувааныхан” гэж алдаршсан хүмүүс байсан юм билээ. Аавын ах Г.Нацагдорж гэдэг хүн Төв Хороонд, улмаар гадаадын Элчин сайдын яаманд ажилладаг байсан. Ардын зураач Д.Амгалан гэдэг хүн аавын хамаатан байсан. Тухайн он жилүүдэд ажнай хурдан хүлэг гэж алдаршиж байсан “Нийгмийн хонгор” морины зургийг манай аав авсан юм шүү дээ. Нэг хэсэг айл бүрийн жаазанд тахигддаг байсан даа” гэж өөрийн мэдэхийг ярьсан нь үнэтэй баримт билээ. Хайрын сайхан дууны шүлэг бичиж, тэр нь хэдэн зууныг дамнан өртөөлөх хувь тавилангийн эзэн болсон ч, түүнийхээ үр шимийг хүртэж амжилгүй, тэнгэрийн орноо шүлэг найрагаа тэрлэхээр одсон Готовын Гончигсүрэн 1932 онд Сүхбаатар аймгийн Хонгор сум буюу олноо “Байшинтын дивиз” хэмээн алдаршсан тэнүүн сайхан нутагт айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. 1968 онд Хонгор сум Баяндэлгэр сумтай нэгдэж, Хонгор бригад байгуулагдаж, хожмоо баг хэмээх нэртэй болж, засаг захиргааны анхан шатны нэгжийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Сүхбаатарчуудын сүлд дуу болон мөнхөрсөн “Хамгийн дундаас онцгой” дууны гэрэлт хөшөөг тус аймгийн “Жаахан шарга” театрын үүдэнд 2009 онд босгож, тэдний ариун хайрын бэлгэдлийг нь үеийн үед мөнхөлсөн байна. Найман настнаас наян настнаа хүртэл мэдэх энэ сайхан дууны шүлэг цааш:

Дагшин дуутын ус нь

Тунгалаг болоод арвин даа!

Дассан хоёрын сэтгэлийг

Түүнтэй яаж зүйрлэх вэ!

Нуурын ус нь арвин бол

Нутаг газартаа чимэгтэй дээ!

Нийлсэн хоёр нь үнэнч бол

Нийтийн дундаа онцгой доо! гэж өрнөдөг билээ. Ер нь, аливаа уран бүтээлчид, бичсэн бүтээл туурвилдаа заавал нэгийг урьдчилан зөн совингоороо мэдэрсэн байдгийн жишээ нь:

 Нуурын ус нь арвин бол

Нутаг газартаа чимэгтэй дээ... гэсэн хоёр шад мөрнөөс тод харагдаж байна. Жараад жилийн тэртээ энэ хүн Ганга нуураа хайрлахын утга учрыг ийнхүү шүлгийнхээ мөрөөр сануулж байжээ. Гэтэл өнөөдөр Ганга нуурын маань хувь заяа ямархуу хэмжээнд байгаа билээ дээ... 

Ариун нандин хайрын бэлгэдэл болсон “Хамгийн дундаас онцгой” дууны эзэн Галсанжамцын Жавзмаа гуайдаа зуу наслахын ерөөл өргөж, танд зориулсан аялгуут сайхан дуу тань нэгэнт ардын дууны хэмжээнд хүрснийг дахин тодотгоод, энэхүү хөрөг найруулалдаа цэг тавин жаргаа юу!                                                             

    МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын Баатарнум

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хамгийн дундаас онцгой”-н Жавзмаа  
Үзсэн: 4464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй