Шууд Chart

Хөлбөмбөгийн хаалганаас бөхийн спорт руу урвасан нь

2021-03-22 12:29:09

 

Алдарт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит “Бага Дэлхийн аварга” гэгддэг “Гран при” тэмцээн ирэх тавдугаар сард болно.

Уг нь жил бүрийн нэгдүгээр сард Красноярск хотод уламжлал болгон зохион байгуулагдаад удаж байна.

Тэгвэл энэ жил коронавирусний улмаас ийнхүү хойшлуулжээ.

Хамгийн сүүлд 2001 оны тэмцээн долоодугаар сард болж байв. Энэ дашрамд уншигч танаа тэрхүү алдарт бөхийн талаарх мэдээлэлийг тоймлон хүргье.

Хөлбөмбөгийн хаалганаас урвуулсан нь

Монгол Улсын далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх нэгэн удаа “Надтай таарч явсан хамгийн хүчтэй бөх хэн бэ гэвэл би гарцаагүй Ярыгинийг нэрлэнэ” гэж хэлж байсан. Сибирийн өндөр цавчим хадны дунд Ярыгин өсчээ. Өндөр уулсын хормойгоор горхи булаг урсах нь тэр нутгийг үлгэрийн мэт санагдуулдаг байж. Энэ үлгэрийн оронд ирээдүйн бөхийн хүрээнд үлгэр болсон Иван хүү өсч торнисон. Ярыгинийх 10 хүүхэдтэй их найрсаг гэр бүл. Иван бүр багаасаа л үеийнхнээсээ тэвхгэр мөр, өндөр нуруу, үргэлжийн жаргалтай инээмсэглэлээрээ ялгардаг байж. Хичнээн эв хавгүй гэмээр өндөр нуруутай ч гэсэн тэр хөлбөмбөгт ухаангүй шимтэнэ. Хааяа эцэг эхдээ хэлэлгүй хэдэн цагаар эрээн бөмбөг элдэнэ. Өндөр нуруутай болохоороо ч тэрүү үргэлж хаалганд зогсоно. Гэлээ ч уйдахгүй. Ингээд насанд хүрэх үедээ Абакан хотод жолооны дамжаанд суухаар нутгаасаа гарчээ. Абаканд очоод хөлбөмбөг тоглохоо больсонгүй. Нутгийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч түүнийг ирээдүйд шаггүй хаалгач болно гэж товлож сууж. Гэтэл нэгэн өдөр бөхийн дугуйлангийн багш Чарков Иваныг олоод хараадахаж. “Төрөлхийн бөх хүү” гэж Чарков харуутаа уулга алдсан гэдэг. Ингээд Ярыгинийг нэлээд ятгасан ч “Хөлбөмбөгт үнэнч” гээд огт хөдөлсөнгүй. Эцэстээ элдвийн арга хэрэглэсээр дугуйлангийнхаа босгоор давуулж аваад “өөрийн болгож” дөнгөжээ. Хэсэг хугацааны дараа бөхийн дугуйланд хөлс хүчээ шавхах түүнийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч ч “шунал”-ын нүдээр ажиж гэнэ. Гэвч энэ үед Ярыгин сагсан бөмбөг битгий хэл өнөөх багаасаа дурласан хөлбөмбөгтөө эргэж очихооргүйгээр бөхөд бүх сэтгэлээ бүрэн өгсөн байлаа.

Александр Медведийн бэлтгэл хангагч

1966 оноос Иван Красноярскт алдарт Дмитрий Миндиашвилигийн шавиар очлоо. Тэнд тэр маш хурдан хугацаанд өсч сайжирч байв. Бас үргэлж ялахын төлөө мятрашгүй тэмцэж, бэлтгэл бүрийн дараа сунаж унатлаа цуцсан ч гэсэн заавал бусдаас хоцрон эцсийн хүчээ шавхан бэлтгэлд улайрдаг байж. Тиймээс ч амжилт удаан хүлээлгэсэнгүй. 1968 онд ЗХУ-ын залуучуудын аварга боллоо. 1970 он ч төдөлгүй үүдэнд ирж, хоёр жилийн дараа болох Мюнхений олимпын тухай бодол тамирчдын толгойд өдөр бүр хадаатай явах болжээ. Мэдээж, Иван олимпын дэвжээнд гарахыг хүсч байлаа. 1970 оны ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд Иван Ярыгин өрсөлдөгчдөө давамгайлан ялсаар аваргын төлөө Киевийн Владимир Гулюткинтэй таарлаа. Маш хүчтэй өрсөлдөгчөө Иван тэгэхэд ялж дөнгөсөн юм. Дасгалжуулагч Миндиашвили нь энэ үед түүнийг Александр Медведийн бэлтгэл хангагчаар өгсөн нь арга мэхийн хувьд улам дэвшихэд их дэм болсон нь тодорхой. Гэвч 1971 оны Бүх ард түмний спартакиадад өнөөх Гулюткинд ялагдчихлаа. Үүний дараагаар Ярыгин хэд хэдэн олон улсын тэмцээнд түрүүлсэн тул Гүржийн Тбилист болох тэмцээний дүнг харж байж хэн нэгийг нь Мюнхен рүү илгээх шийд гарчээ. Ингээд Иван Ярыгин Гүржийн нийслэлд юу чаддагаа бүрэн нотлон харуулж, түрүүлснээр олимпын дэвжээнд зодоглох эрхээ авлаа.

Нэг барилдааны хугацаанд бүх өрсөлдөгчөө цэвэр дарсан нь

Мюнхений олимпын дэвжээг Иван Ярыгин бүрэн эзэрхийлсэн гэхэд болно. “Сибирийн баавгай” өрсөлдөгч бүрээ цэвэр ялахдаа нийтдээ 7 минут 20 секунд л зарцуулсан юм. Энэ бол тухайн үеийн нэг барилдааны л үргэлжлэх хугацаа. Гэтэл нэг барилдааны хугацаанд тэр бүх өрсөлдөгчөө ялчихсан нь Гиннессийн номд ч бичигдэж болохоор бахархалтай, содон амжилт.

Хэдийгээр олимпод ийнхүү бусад улс орны олон бөхийн зүрхийг үхүүлсэн ч гэсэн эх оронд нь түүнийг өнөөх Гулюткин хэмээх хүчирхэг өрсөлдөгч хүлээж байлаа. Улсынхаа аваргад түүнийг ялсан ч спартакиадад дахиад л ялагдал хүлээв. Ингээд тэр Монреалийн олимпод оролцох эрхээ Гулюткинээс урьтаж авахын төлөө хөдөлмөрлөж эхэлжээ. Өдөрт 50 км гүйж, гар дээрээ 120 суниаж, 15 удаа олс татаж байж бэлтгэлээ сая ханалаа гэж үздэг байсан нь гайхалтай. Мөн тийм хүнд жинтэй бөх хэрнээ 100 метрт 11 секунд гүйнэ. Барагтай хөлбөмбөгчний зөвхөн мөрөөдөж болох хурд шүү. Ингээд мэдээж Монреальд барилдах эрхээ баараггүй авлаа. Баараггүй авсан шигээ бас тэнд баараггүй аваргалж чадсан. Тийм ч учраас олимпын хаалт дээр ЗХУ-ын төрийн далбааг өргөн жагсах эрхийг түүнд олгосон юм.

Олимпын эрхээсээ татгалзсан нь

Удаах олимпын тухай бодолхийлж байх зуур буюу 1978 онд “Хэнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилох вэ” гэсэн санал асуулга явуулахад Иван Ярыгиний нэрийг бүгд дурьдсан байжээ. Сийрэг ухаантай, шударга, хариуцлагатай, харилцаа сайтай түүнийг л энэ чухал албанд тавьсан нь хамгийн зөв шийдвэр гэж үзсэн нь энэ. Гэвч тамирчныхаа хувьд дахин тэмцээн хүлээж байна гэж үзсэн тул Москвагийн олимпын дараа энэ асуудлыг дахин харж үзэхээр болжээ. Спартакиадад өмнө нь хоёр удаа Гулюткинд ялагдсан Иван гурав дахь спартакиаддаа залуухан Илье Матэ-д ялагдчихлаа.

Үүний дараа Ярыгин Москвагийн олимпод зодоглох эрхээ авчихсан байсан ч гэнэтхэн тэрхүү эрхээ Матэд найр тавьчихлаа. “Мэдээж олимпын наадамд гурав дахиа түрүүлнэ гэдэг сайхан. Гэлээ ч залууст замыг нь нээж өгөх хэрэгтэй. Ялангуяа тэд үнэхээр хүчтэй байхад нь алдрын замд нь тээг болоод яахав” гэж Иван шийдвэрийнхээ учрыг тайлбарласан байдаг. Зарим цуу яриагаар бол Александр Медведь Ярыгинийг өөртэй нь адил олимпын гурван удаагийн аварга болгох дургүй байсан тул Москвагийн олимпод оролцох эрхээ шигшээ багийн дасгалжуулагчийн албаар “наймаалцах” санал тавьсан ч гэдэг. Гэхдээ энэ тийм ч баталгаатай таамаглал биш. Бас нэг талдаа Иван Ярыгин хүчтэй хэвээрээ байсан ч гэсэн олимпын дэвжээн дээр ялагдаагүй босоо аварга чигээрээ үлдсэн нь дээр ч гэж тооцсон байж мэдэх юм. Ямар ч байсан тэр Москвад зодоглосонгүй. Харин Илье Матэ үнэхээр бүх өрсөлдөгчдөө илүүрхсээр олимпын наадмаас алтан медаль хүртэж, Ярыгинийг баярлуулсан. Гэвч энэ гайхамшигт ялалтынхаа дараа Матэ “оддын ханиад” хүнд тусч, бөхийн дэвжээнээс төдөлгүй алга болсон.

Ингээд Иван Ярыгин 1982-1992 он хүртэл ЗХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллалаа. Дасгалжуулагчийн замнал нь тамирчныхаас нь огт дутахгүй амжилттай өрнөв. Түүний дасгалжуулагчаар ажилласан тэр жилүүд өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн задрал, өлсгөлөн ядуурал гээд хамгийн хүнд үед өнгөрсөн ч Ярыгин хэзээ ч түүнд гомдоллож, сөхөрч үзээгүй гэдэг. Тэгээд ч тэр арван жилд л “ах нар”-ын бөхчүүд хамгийн өндөр нэр хүнд, хамгийн олон ялалтаа авсан юм. Иван Ярыгин 1993 оноос ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон зуурдаар нас нөгчих хүртлээ албан үүргээ гүйцэтгэсээр байсан юм.

Зурхайч эмгэний зураг

1972, 1976 оны олимпын аварга Иван Ярыгин 49-нийхээ жил дээр авто ослоор өөд болоход бөхийн ертөнц тэр даяараа харамсан гашуудаж байлаа. Тэр багадаа Тувад хэдэн жилийг өнгөрөөсөн гэдэг. Тэгээд олимпод түрүүлчихээд ирэхэд нь Тувад урьжээ. Тувагийн удирдлага түүнийг хөнгөн тэргээр нутаг усаараа тавтай аялахыг санал болгоход Ярыгин “Аль болох л дөт замаар явья” гэж. Энэ үгэнд нь Тувагийнхан ихэд гайхширч, их зан гаргасан юм биш байгаа гэж бодох зуур тэр үгийнхээ учрыг тайлж хэлжээ. “Багад минь нэгэн зурхайч эмгэн намайг авто ослоор өөд болно гэж хэлсэн юм. Тэгээд л би авто замаар явах дургүй байдаг юм шүү” гэж олимпын аварга өгүүлжээ. “Өө, тийм дэмий юм битгий бодож бай. Худал залдаг зурхайчдыг алийг тэр гэх вэ” гэж Тувагийн удирдлага хариу өчиж. Гэвч 1997 оны арваннэгдүгээр сарын 11-нд Нефтекумск хотын ойролцоох замд нөхдийн хамт 120 км/цагийн хурдтай явж байгаад эргэлтэн дээр жолоогоо алдан Зил-130 машинтай мөргөлдснөөр Иван Ярыгин зуурдаад нас нөгчсөн юм. Зурхайчийн үг үнэн байсан нь ингэж нотлогдсон нь харамсалтай. Тэр эрчүүдэд хамгийн халтай гэдэг 49-нийхээ жил дээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Иван Ярыгин 1995 онд “Эрчүүдийн тоглоом хатуу” хэмээх номоо гаргасан бөгөөд гэгээн дурсгалыг нь хүндэтгэн 2002 оны гуравдугаар сарын 8-нд Красноярск хотод гэрэлт хөшөөг нь босгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн хаалганаас бөхийн спорт руу урвасан нь  
Үзсэн: 3868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй