Шууд Chart

Хөгжмийн зохиолч, УГЗ С.Баатарсүхэд хүндэтгэл үзүүллээ

2014-05-08 16:31:15

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн “Цэнхэр залаа” хөгжмийн бүтээл 45 жилийн ойтойгоо золгож байна. 

Тэгвэл өнөөдөр МҮОНРТ-ийн хөгжмийн урын санд 45 жилийн туршид эгшиглэж, хүмүүсийн сэтгэлд хоногшсон тус аялгууг эзэмших эрхийг МҮОНРТ албан ёсоор авлаа.
 
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд УГЗ, хөгжмийн зохиолч С.Баатарсүхийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар хүлээн авч уулзах үеэрээ таван сая төгрөгийг сэтгэлийн бэлэг болгон гардуулсан юм.
 
 Олон сайхан уран бүтээлчийг урамшуулж, бүтээл хийх урам өгнө

 МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар

-“Цэнхэр залаа” биднээс хамаагүй “ах” бүтээл. Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон сайхан аялгуу. Цаг агаарын мэдээний эхний түгшүүртэй хэсэг өнгөрсний дараа өнөөдөр сайхан, дулаахан өдөр болох нь ээ гэсэн мэдээллийг хүргэхэд энэ хөгжмийн гүйцэтгэсэн үүрэг их.

“Цэнхэр залаа” ая үзэгчдийг хөглөж байдаг. МҮОНРТ оюуны өмчийг дээдлэх үүрэгтэй байгууллага. Тиймээс тус аялгуу Монголын ард түмний өмч гэсэн үг юм. Цаашид бид бусад мэдээ мэдээллийн байгууллагуудад ийм жишиг тогтоосой гэж хүсч байна. Оюуны өмчийн тал дээр анхаарч ажиллаасай. С.Баатарсүх гуайн хувьд “Нүдэн нуур”, “Дөрвөн улирал, хоёр амраг” зэрэг олон сайхан бүтээлтэй. Цаашид манайх зөвхөн хөгжмийн зохиолчоор зогсохгүй дуучин, яруу найрагч гээд олон сайхан уран бүтээлчийг урамшуулж, бүтээл хийх урам өгнө. 
 
 

 Хүнд хэрэгтэй нэг юм хийх сайхан шүү дээ

 УГЗ, хөгжмийн зохиолч С.Баатарсүх:

-Өнөөдөр би маш их баяртай байна. Мөнгөний их, багадаа биш оюуны бүтээлийг үнэлж, цэгнэж сурна гэдэг сайхан зүйл юм.
 
Сүүлийн үед оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж сайжирч байгаад баярладаг. Үүнийг хошуучилж МҮОНРТ намайг урамшуулж байгаад баяртай байна. Миний хөгжмийг сонгосонд талархая. Зохиосон аялгуу маань хүнд хүрч байгаа нь л сайхан юм. Хүнд хэрэгтэй нэг юм хийх сайхан шүү дээ. Өнөөдрийн энэ арга хэмжээ агуулга өндөртэй үйл ажиллагаа боллоо.
 
“Цэнхэр залаа” маань радио, фм, телевизүүдээр их явдаг. Мэдээж энэ хөгжмийг зохиосон эзэн нь би. Харин оюуны өмчийн эрхийг МҮОНРТ өнөөдрөөс эхлэн эзэмшиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Цэнхэр залаа” хамгаалах эзэнтэй боллоо. Ганц “Цэнхэр залаа” ч биш, миний 200 гаруй бүтээл энэ сайхан байгууллагад хадгалагддаг. 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хөгжмийн зохиолч, УГЗ С.Баатарсүхэд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 2852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-08 17:19
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй