Шууд Chart

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа

2021-05-05 16:09:47

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар өнөөдөр байгууллагынхаа ахмадын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Үүнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, Соёл урлагийн зөвлөх редактор Ш.Ёолк, соёл урлагийн редакцийн зөвлөх Ч.Буянхишиг, Үндэсний радиогийн зөвлөх Л.Мөнхтөр, Үндэсний телевизийн зөвлөх Ш.Гүрбазар, хөтлөгчдийн ур чадвар хариуцсан зөвлөх, нэвтрүүлэгч Ж.Бямбаа, сэтгүүлч Ц.Сүхбаатар, “Монголын мэдээ” сувгийн зөвлөх, найруулагч Т.Цэрмаа нар хүрэлцэн ирсэн юм.

Уг уулзалтын зорилго нь ахмадуудаа МҮОНРТ-дээ үргэлжлүүлэн ажиллуулах, залуучууддаа эргэх холбоо үүсгэх, туршлага, мэдлэгээс нь хуваалцахад оршиж байгаа аж.

Уулзалтын үеэр Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Хэдийгээр бүх зүйл шинэчлэгдэж байгаа ч олон жил энэ байгууллагадаа ажиллаж хөдөлмөрлөсөн та бүхнийхээ нөмөр нөөлгөөр энэ байгууллагаа улам сайхан хөгжүүлж өргөжүүлэхийг хүсч байна. Залуус маань ч та бүхнээс суралцаг. Түүнээс биш та бүхэндээ ямар нэгэн баяр ёслол болохоор л урилга хүргүүлж, гарын бэлэг олгодог баймааргүй байна. Бид та нартайгаа өдөр бүр хамт ажиллахыг хүсдэг. Мөн “Алдрын танхим” байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэн шиг ахмадынхаа алдар гавьяаг удахгүй бий болох танхимд байрлуулбал сайхан юм даа” гэх зэрэг олон ажил ярилцлаа.

Түүнчлэн тэрбээр МҮОНРТ-д нэрээ дэвшүүлэхдээ тусгаж байсан мөрийн хөтөлбөрөө товч танилцуулсан юм.

Энэ үеэр зарим ахмад уран бүтээлчийн сэтгэгдлийг сонслоо.

Ш.Гүрбазар: Сайн контент л бэлтгэх хэрэгтэй

Ахмадуудтайгаа уулзана гэдгийг бид дээхнэ сургаар сонсоод их баярлаж байлаа. Ерөнхий захирлын ажлын төлөвлөгөө маш сайхан санагдлаа. Гэхдээ жишээ нь Ш.Ёолк бид хоёр телевизээр гарах гээд байгаадаа гол нь биш юм. Хүн бүр төрсөн нутгаа сайхан байгаасай гэж боддог шиг доод тал нь 30 жил ажилласан ахмадууд бидэнд МҮОНРТ маань улам сайхан харагдаж, яригдаж байвал болох нь тэр. Тэгээд ч бидний энэ олон жил ажилласан минь баялаг юм шүү. Тиймээс миний хувьд чадах чинээгээрээ зүтгэж ажиллана аа. 1921-2021 оны хооронд нэгэн зуун улирч байна. Ирэх жил шинэ 100-н эхэлнэ. Тиймээс бид дараагийн зууныг илүү гэрэлтэй байлгахын төлөө үндэсний телевизээрээ уриалах ёстой. Тэгэхээр үндсэндээ сайн контент бэлтгэх хэрэгтэй. Дөрөвхөн контент байхад л болно. Үүнд бид чадах чинээгээрээ тусална.

Ж.Бямбаа: Залуучуудтайгаа хамтраад МҮОНРТ-ээ улам өөдтэй байлгахын төлөө зүтгэнэ ээ

Миний хувьд тэтгэвэрт гарснаасаа хойш анх удаа байгууллагынхаа Ерөнхий захирлын урилгаар хүрэлцэн ирж, зөвлөхөөр ажиллах гэж буйдаа маш их баяртай байна. Манай улсын нийгэмд ахмад үеэ залуучууд нь хүндлэхгүй байх тусгаарлагдсан хана боссон. Ахмадууд нь ч залуучууддаа зааж, сургахдаа дургүйг нь хүргэдэг тал бий л байх. Гэхдээ тэр өндөр ханыг яавал нэгэн хивэнд цутгасан юм шиг ижил болгож өөрчлөх вэ гэсэн асуулт миний дотор олон жил явсан. Тэгвэл өнөөдөр тэр асуултын хариулт бидний хамтрах ажлаар ирж байна. Тиймээс би залуучуудтайгаа хамтраад МҮОНРТ хэмээх байгууллагаа улам өөдтэй байлгахын төлөө зүтгэнэ ээ.

Ч.Буянхишиг: Хуучны юм гэдэг хоцрогдол биш шүү

Бидэнд үүрэг хүлээлгэж, хүлээн авч байгаад баяртай байна. Ахмад, залуучуудыг холбож байгаа нь үнэхээр их бахархалтай. Би 87 жилийн түүхтэй радиогийн 40 жилд нь ажилласан. Тиймээс радиогоо байнга л сонсдог. Сайхан сайхан контент хийгдэж л байна. Гэхдээ хуучны юм гэдэг хоцрогдол биш шүү гэдгийг санах нь зүйтэй. Мөн боловсон хүчин маш сайн байх хэрэгтэй.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй