Шууд Chart

А.Ганхуяг туялзуур сэлэмний холбоог удирдана

2021-05-07 09:55:08

Монголын туялзуур сэлэмний холбооны ээлжит IV цахим чуулган болж, “Премиум” группийн ТУЗ-ын дарга Адилбишийн Ганхуяг шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Мөн энэ үеэр 2021-2025 оны хооронд холбоог удирдах удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд З.Номундарь, А.Ганболд, С.Бат-Ерөөлт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Гантулга нар сонгогдлоо.  

Тус чуулганаар таван клубийн 80 төлөөлөгчид мандаат олгосон бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, шефийн харилцаатай Японы Аомори мужийн Имабэцү хотын төлөөлөгч К.Ёшихико нар чуулганд баяр хүргэж үг хэлжээ.

Япон Улсын Аомори мужийн Имабэцү хот нь сүүлийн таван жилийн хугацаанд Холбооны үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч спорт, соёл, боловсролын олон төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Энэхүү хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд спортын мастер Б.Амарзаяа нь Узбекистаны Ташкент хотноо зохиогдсон “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнээс анхны медалийг хүртээд байгаа юм.

МТСХ-ны Ерөнхийлөгч А.Ганхуяг нь нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож, цаашид туялзуур сэлэмний спортыг улсдаа эрчимтэй хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, туялзуур сэлэмний спортыг сурталчлах үйлсэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн юм.

Тус холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь 2009-2013 онуудад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, 2013-2017 онуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ц.Даваацэрэн, 2017-2021 онуудад “Жи-мобайл” ХХК-ийн захирал Г.Дашням нар ажиллаж байсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Ганхуяг туялзуур сэлэмний холбоог удирдана  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй