Шууд Chart

Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ

2021-06-11 12:39:03

Монголчуудын цээрлэх ёс нь Монгол туургатан үүсч бүрдсэн эрт дээр цагаас улбаатай бөгөөд нүүдэлчин ард түмэн ертөнцийг танин мэдэж ухаарч ирсэн үзэл бодол, итгэл бишрэл, аж төрөх хэв ёс, язгуур зан заншил, түүнчлэн Монгол хүн, Эцэг тэнгэр, Эх дэлхий буюу сав, шим ертөнц хийгээд өвөг дээдэс, ахас ихэс, ахан дүүс, анд нөхдөө хайрлан хүндэлдэг хүмүүнлэг сэтгэл нэвт шингэсэн нэгэн ёсны бичигдээгүй хууль юм.

Монголчуудын цээрлэх ёсноос та бүхэнд цувралаар хүргэж байна. 

  • Айл нохойгоо хорихгүй, гэрээс хүн гарч угтаагүй бол заавал буух, орох гэж зүтгэхийг цээрлэнэ.
  • Айлд эд юм, эс бөгөөс бэлэг хүргэж яваа хүн түүнийгээ доод талдаа тавихыг цээрлэнэ. Заавал дээд талдаа тавьдаг нь хүндэлж буйн тэмдэг.
  • Айлд өвдгөө салаавчлах, хөлөө ачиж суухыг тавьтаргүй, ёс үл мэдэгч хэмээх тул цээрлэнэ.
  • Айлд нөмгөн (бүсээ бүслээгүй) орохыг цээрлэнэ. Бэлбэсэн, уй гашуу тайлаагүй үед нөмгөн орж болно.
  • Айлчилж хонох хүн гэрийн эздээс ор дэвсгэр засаж өгөөгүй байхад бүхлээр буюу хувцсаа тайчин хэвтэхийг цээрлэнэ. Зөрчвөөс ёс алдана, жудаггүй гэгдэнэ.
  • Айлын тулга, зуухыг өшиглөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гал голомтод халдав, доромжлов, муу ёр удлаа хэмээн сэжиглэнэ.
  • Ална гэдэг үгийг хамаа бус хэлэхийг цээрлэнэ. Хонь мал муулах, гаргах, махлах, төхөөрөх гэхчлэн цээрлэн хэлдэг ёсон буй.
  • Алгаа хамаа бус хүнд үзүүлэхийг цээрлэнэ. Учир нь гарын алганы зураас тухайн хүний заяа тавилангийн толь хэмээн үздэг учир нуудаг бөлгөө.
  • Алтангадас одны зүг харж гадаалах (морь харах)-ыг цээрлэнэ. Одот тэнгэрийг хүндлэхийн учир тэр болой.
  • Алт, мөнгө, эрдэнэсийг хамаа бус эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүндэднэ, атаач, жөтөөч, авлига шунахайн хорхойг асаана гэнэ.
  • Билүүг гараар өгөх, авахыг цээрлэнэ. Заавал тавьж өгөх буюу тавьсны дараа авна.
  • Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Хог хаягдлыг оргүй болгон цэвэрлэж, цэмцгэр болгоод нүүнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиулсан тэнгэр хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэнэ.
  • Буурин дээрээ яс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс мал сүрэг ховордож, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.
  • Бууны амыг дээш харуулан үүрэхийг цээрлэнэ. Дайн байлдаанд ялагдсан цэрэг бууны амыг дээш харуулан үүрдэг учраас тийнхүү цээрлэдэг ёс бий болжээ.
  • Бэлэг сэлт хүргэхдээ сондгой тоотой эд юм өгөх (3, 9-өөс бусад) өргөхийг цээрлэнэ. Тэгш буюу хос эд юм бэлэглэвэл эд арвижихийн бэлгэдэл гэнэ.
  • Галд сүү тусаахыг цээрлэнэ. Үнээ малын хөх гэмтэнэ, сүү татарна гэж үздэг.
  • Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө.
  • Гэр барьж байгаатай таараад унь өлгөлцөлгүй, дээвэр тавихад туслалгүй явахыг цээрлэнэ. Учир нь айл гэрийг хүндэлсэнгүй, эв эе эвдэрсэний шинж.
  • Дал идэхдээ шүдээрээ зулгаахыг цээрлэнэ. Заавал хутга хэрэглэнэ. 
  • Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ. Аянга бууна гэдэг. 
  • Дээл хувцсан дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Эзэн дээгүүр нь гарсантай адил гэж үзнэ.

Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ  
Үзсэн: 2231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй