Шууд Chart

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2021-07-07 13:43:20

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулж, зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 онд батлагдсан. Үүнээс хойших 27 жилийн хугацаанд нэг л удаа өөрчлөлт орсон байна. Улаанбаатар хотод үйлчлэх  нийт 150 гаруй  хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан байдаг. Иймээс нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал, зөвлөмж гарсаар байна.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэх юм.


Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй