Шууд Chart

Т.Тулга: Өөртөө зориулж авсан төрийн далбаагаа олимпын тэнгэрт мандуулна аа

2021-08-02 10:22:56

Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, УАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, ДАШТ-ийн тав, долоодугаар байрын шагналт, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Төмөр-Очирын Тулгыг "Редакцийн зочин" буландаа 2019 онд урьж байв. Тэр жил тэрбээр ДАШТ-ий 65 кг-ын жинд хүч үзэж, жингээ төлөөлж, “Токио-2020” олимпын наадмын эрхийг “халаасласан” билээ. 

-Саяхан болсон ДАШТ-д зодоглож, “Токио-2020” олимпын наадмын эрх авсанд баяр хүргэе. Хоёр дахь удаагаа дээрх тэмцээнд өрсөлдсөн танд энэ жилийн тэмцээн юугаараа онцлог болов?

-Баярлалаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Унгарын нийслэл Будапешт хотод болоход би долоод бичигдсэн бол энэ жил тавдугаар байрыг эзэллээ. Өнгөрсөн жил Энэтхэгийн бөх Бажранг Пунияд 4:3 харьцаагаар, дагах барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдсан.

-Тэгвэл энэ жилийн тэмцээнд ч гэсэн хуучны учраа болох Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө хүч үзэж дийлдсэн. Гэхдээ ялах боломж байсан шүү дээ ...

-Тийм. Эхний үед 6:0-ийн харьцаагаар хожиж яваад тактикийн алдаанаасаа болж, өрсөлдөгчийнхөө унаган мэхэнд орж, харамсалтайгаар ялагдсан. Харин олимпын эрхийн төлөө Германы тамирчин Александр Семисоровтой өрсөлдөж, 8:0-ээр ялсан. Энэ бөх өнгөрсөн оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальтай.

-Жингийнхээ тамирчдыг хангалттай судалж чадсан байсан уу?

-Бүгдийг нь судалсан байсан. Энэ жилийн тэмцээнд илүү олон тамирчин оролцсоны зэрэгцээ шинэ бөх нэлээн их ирсэн байсан. Миний жинд 44 тамирчин өрсөлдсөн. Би таван барилдаан хийж, тэмцээнээ дуусгасан.

-Та үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгын шавь. Багш тань барилдаан бүрт юу гэж захиж байв. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас нисэхдээ ямар зорилго “өвөртөлж” явсан бэ?

-Өнгөрсөн жилийн тэмцээнд явахдаа би ДАШТ гэж чухам юу бэ гэсэн ямар ч төсөөлөлгүй байсан. Харин энэ жил өнгөрсөн жилийнхээ алдаа дутагдлыг дотроо цэгнэж, медаль авна гэсэн итгэл дүүрэн байсан. Бэлтгэл сургуулилт маань ч хангалттай хийгдсэн байв. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас ирээд удаагүй байхдаа би өөртөө зориулж, төрийн далбаа худалдаж авсан юм. Олон улсын тэмцээнд оролцоод медаль хүртвэл тэр далбаагаа мандуулах гээд л ... Түүнийгээ би энэ жилийн ДАШТ рүү авч явсан. Гэвч даанч хэргийг нь гаргаж чадсангүй.

-Энэтхэгийн бөх Бажранг Пунияд хоёр удаа ялагдчихлаа. Гол алдаа юунд байна гэж одоо дүгнэж байна вэ?

-Тэр бөхийн барилдаанд нь би хэт их ороод байсан. Хийдэг мэхийг мэдсээр байж хамгаалж чадаагүй байх талтай. Уг нь түүний барилдаан надад их тохирдог л доо. Би эхний үед 2:0-ийн харьцаатай хожиж яваад тонгороод даралтад оруулсан юм. Хэрвээ хагас дооль тэсчихсэн байвал ялах байлаа. Гэтэл алдаад босгочихсон. Гол шалтгаан нь би хэтэрхий их яарсанд байх. Тэгээд 8:7 харьцаагаар хожигдохдоо маш их харамсдаг юм билээ. Уг нь дэлхийн аваргаас медаль авна гэдэг том даваа шүү дээ. Гэхдээ одоо би тэр талаар бодохыг хүсэхгүй байна. Дараагийн бэлтгэл сургуулилт, тэмцээндээ л анхаарна.

-Үндсэн мэх тань юу вэ?

-Тонгорох. Түүнээс дамжиж дараагийн мэхүүдээ хийнэ.

-Олимп болоход 10 сарын хугацаа үлдлээ. Формоо хэрхэн хадгалах вэ?

-ДАШТ-ээс ирээд 14 хонохдоо амралтын байдалтай байна. Харин ирэх долоо хоногт сарын турш хүчний бэлтгэлээ хийнэ. Энэ талын бэлтгэл надад дутмаг байгаа нь саяны тэмцээнээс мэдрэгдсэн. Дараагийн сард нь ажиллах чадвар тал руугаа шилжих гэх мэт дараалалаар багш нарынхаа заавраар үргэлжлүүлнэ. Гэхдээ би энэ удаагийн ДАШТ-ээс хувь хүнийхээ үүднээс олимпын эрх аваагүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэ журам зарлахдаа жишээ нь “Монгол Улсын 65 кг-ын жингийн аль нэг тамирчин “Токио-2020”-д өрсөлдөх эрхтэй боллоо” л гэсэн заалт гарсан. Тэгэхээр Монголын чөлөөт бөхийн холбоо ирэх оны олимп хүртэл энэ жинд хэн нь сайн байгаагаас сонгож, олимпод оролцуулна гэсэн үг. Ирэх оны нэгдүгээр сард УАШТ болно. Би тэр тэмцээнд өрсөлдөж түрүүлбэл Токиогийн олимпод оролцох бүрэн эрхтэй болно. Харин УАШТ-д оролцохгүй эсвэл оролцлоо ч өөр тамирчин түрүүлбэл ирэх тавдугаар сард болох халз барилдаанд УАШТ-д түрүүлсэн тамирчинтайгаа хүч үзэж, хэн ялсан нь олимпын эрх авна. Тэгэхээр одоогоор би “Олимпын эрх авчихлаа” гээд санаа амар суух болоогүй байна. Одоо нэг даваа байна гэсэн үг.   

-“Арслан” клубт хэдэн оноос бэлтгэл хийж эхэлсэн бэ?

 -“Тэмүүжин” спорт сургалтын төв гэж байхад 2009-2015 оны хооронд И.Моломжамц, Ц.Гантөгс нарын зэрэг багшийн удирдлага дор хичээллэж байсан. Харин 2016 онд “Арслан” клубт Б.Баттулга, Ц.Гантөгс багш нарын гарт шилжиж ирсэн. Ингээд тэр жилээ УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, шигшээ багт Б.Баттулга, А.Цэдэнсодном, Б.Батзориг нарын зэрэг багшаараа бөхийн эрдэм заалгаж байна.

-Энэ жилийн УАШТ таны хувьд нэлээн ширүүн болсон. Б.Батмагнай, Б.Наранболд, Н.Лхамгармаа нарыг ялж, түрүүлсэн. Эдгээр шилдэг тамирчинг ялах гол тактик чинь юу байсан бэ?

-Би насанд хүрэгчдийн УАШТ-д оролцохдоо нэг мөнгө, хошой хүрэл медальтай байсан бол энэ жил анх удаа түрүүлж, медалиа иж бүрдэл болголоо. Дээрх тамирчидтай таарахдаа би өөрийнхөө давуу талыг ашиглаж, ажиллаж барилдсан.

-Та хэвлэл, мэдээлэлд огт ярилцлага өгөөгүй юм билээ. Тиймээс таныг уншигчиддаа илүү танилцуулах үүднээс аав, ээжийн тань талаар тодруулья. Ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?

-Аав малын эмч мэргэжилтэй ч одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол ээж үсчин хийдэг. Тэд маань намайг бага байхаас л дэмжиж ирсэн. Аав маань намайг хөтөлж чөлөөт бөхийн дугуйланд оруулж байлаа. Тэр цагаас хойш өсвөрийн ДАШТ-ээс эхлээд олон арван тэмцээнд хүч үзэх болоход банк болон ББСБ-аас зээл авч явуулдаг байсан. Нэг орон руу тэмцээнд явхад доод тал нь гурван сая төгрөг шаардагддаг. Гэвч тэд минь өчүүхэн ч шантралгүй намайг аль болох тэмцээн алгасуулалгүй явуулж байсан. Энэ спортдоо тууштай барилдаж буй минь үндэс ч гэж хэлж болно.

-Ам бүл хэдүүлээ вэ. Мөн Тулга гэдэг нэр ямар нэгэн зүйлийг билэгдсэн юм шиг ээ ...

-Манайх ам бүл зургуулаа. Дөрвөн хүү, хоёр охинтой. Би гурав дахь хүү нь болж мэндлэхэд биднийг "Тулгын гурван чулуу шиг хэн хэндээ дэмтэй яваасай" гэсэндээ энэ нэрийг аав, ээж маань өгсөн гэдэг.

-Бөх, морь хоёр удам дагадаг гэдэг. Танай гэр бүлийнхэнд спортын хүн бий юу?

-Ээжийн төрсөн дүү Б.Болдоо ах сумын заан бол өвөөгийн дүүгийн хүү нь аймгийн арслан цолтой. Ш.Мөнх-Од гэж хүн бий. Харин аавын талынхан залуудаа ямар нэгэн цол хүртэж байгаагүй ч ноцолдох дуртай хүмүүс байсан юм билээ.

-Таныг эхнэр хүүхэдтэй гэж сонссон. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Манай эхнэрийг Э.Мөнхзул гэдэг. Маркетингийн менежер мэргэжилтэй ч одоогоор хүүхдээ хараад гэртээ суурин байна. Бид Нандин гэдэг хөөрхөн охинтой. Бид хоёр гурван жилийн өмнө танилцаж гэр бүл болсон. Гэргий маань миний санааг зовоолгүй ар гэрийн ажлаа харж, тордож яваа болохоор миний амжилт улам өсч байгаа.

-Спортын олон төрлөөс чөлөөт бөхийг сонгох болсон шалтгаан тань юу вэ?

-Дунд сургуулиа би Зүүнсалаа дахь 104 дүгээр сургуулийг төгссөн юм. Дөрөвдүгээр ангид сурч байхад биеийн тамирын Болормаа багш надад “Дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна. Чи оролцох уу” гэсэн саналыг тавьснаар анхныхаа тэмцээнд оролцож байлаа. Тэр тэмцээнээс би хүрэл медаль хүртсэндээ баярлаж, бүр уйлж билээ. Тэгэхэд аав намайг клуб руу дагуулж очиж бүртгүүлснээс хойш энэ спортод эргэлт буцалтгүй орсон доо. Би Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран ахыг их үнэлдэг, хүндэлдэг. 2016 оны олимпод сайн барилдсан хэрнээ хожигдсон. Гэтэл түүнийг хүмүүс янз бүрээр л хэлж байлаа. Гэвч тэр бүхнийг хүндээр тусгаж авалгүйгээр зүтгэсээр дараагийн тэмцээнүүдэд хэрхэн яллаа даа. Энэ хүний сэтгэлзүй бол агуу.    

-Анхны медаль хүрэл байх нь билэгдэлтэй гэж олон тамирчин хэлдэг юм билээ. Дараа дараагийн амжилтын замыг нээдэг гэх юм. Үүнд та санал нийлдэг үү?

-Нийлнэ.

-2015 оны өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм билээ. Энэ амжилт одоогоор таны хамгийн дээд үзүүлэлт үү?

-Өсвөрийн хувьд бол тийм. Залуучуудын ДАШТ-д ч гуван жил оролцох боломж байсан ч зардал мөнгөний асуудлаас болоод явж чадаагүй. Харин насанд хүрэгчдийн томоохон тэмцээн гэвэл Иранд болдог “Тахтийн цом”-ын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээний мөнгө, хүрэл медальтай.

-Өөрөө хотод өссөн үү, нутагтаа юу?

-Хотод. Намайг дөрвөн настай байхад манайх шилжиж ирсэн.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Англи хэл сурах сонирхолтой. Мөн компютерийн өндөр мэдлэгтэй болохыг хүсдэг. Хүмүүстэй ч ярилцаж суух дуртай.

-10 жилийн дараа та өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

-Ямар ч байсан зорьсон зорилгодоо хүрсэн байх болов уу.

-Тодруулбал ...

-Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн байна байх аа. Мөн зодог тайлсан байхыг ч үгүйсгэхгүй.

-Та бүхэн тэмцээнд оролцохдоо сэтгэлзүйч авч явдаг уу?

-Тэгдэг. Манай холбоонд У.Чулуунчимэг гэдэг сэтгэлзүйч ажилладаг. Өнгөрсөн болон энэ жилийн ДАШТ-д хамт явсан. Ийм мэргэжилтэй хүнтэй хамтарч ажиллах давуу тал ихтэй.

-Бусад орны тамирчдыг харахад улсаас болон холбооноос ямар дэмжлэг үзүүлвэл илүү амжилт гаргах юм шиг санагддаг вэ?

-Чөлөөт бөхийн холбооны журмаар ОХУ-ын шигшээ багийнхантай саяхан Сочи хотод гурван удаа хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгэхэд тэдний 60 орчим тамирчны өмнө 20-иод багш ажиллаж байсан. Харин манай улсын 40 орчим тамирчинд 3-4 багш бэлтгэл хийлгэдэг. Тэгэхээр манайханд багшийн тоо дутмаг байна гэж харсан. Мөн бэлтгэл хийх бүрэн хэмжээний танхим, хооллолтоос эхлээд бусад хэрэгцээ маш их чухал.

-Ярилцсанд баярлалаа. Олимпын эрхээ баталгаажуулаад Токиогоос медаль зүүгээд ирхэд тань дахин уулзахын ерөөл талбья.    

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Тулга: Өөртөө зориулж авсан төрийн далбаагаа олимпын тэнгэрт мандуулна аа   
Үзсэн: 3062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй