Шууд Chart

Зөрчлийн тухай хуулийг дэмжлээ

2014-05-30 08:59:54

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдөр үдээс хойших чуулганаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. 

Монгол Улсын “Захиргааны хариуцлагын тухай хууль” нь гурван бүлэг, 56 зүйл заалттай, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, түүнээс хойш 20 гаран удаагийн нэмэлтээр уг хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч Эрүүгийн хуультай харилцан уялдаа, холбоогүй, хэм хэмжээний давхардал үүсгэдэг аж.
 
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 131 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 85 байгууллагаас 1500 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.
 
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Төсөл санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.
 
УИХ-ын гишүүн Г.Батхүү, иргэд гарцгүй газраар гүйлдэн, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Зарим улс оронд гарцгүй газраар явж байгаад авто машинд мөргүүлсэн хүнээс авто машиныг гэмтээсэн хохирлыг гаргуулдаг хууль үйлчилдэг байна. Ер нь жолооч, явган зорчигчийн аль аль талыг хариуцлагажуулах талаар хуульд хэрхэн тусгасан тухай лавласан.
 
Хууль зүйн сайдын тайлбарласнаар, явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгууль ногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгасан байна. Харин явган зорчигч замын хөдөлгөөнд аюул учруулах үйлдэл хийвэл гэмт хэрэгт тооцох тухай Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд оруулсан аж.
 
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, бага насны хүүхдээ тэврээд жолоо барьдаг, хүүхдээ урдаа суулгаад явдаг асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулж чадах эсэхийг тодруулсан.
 
Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд хүн тээвэрлэх журмыг зөрчсөн бол торгууль ногдуулахаар заасан аж. Харин хүн тээвэрлэх журам буюу Замын хөдөлгөөний дүрэмдээ хүүхэд хэрхэн тээвэрлэх талаар нарийн тусгах хэрэгтэй юм байна. Дээрх журмыг зөрчин хүүхдээ журамд заасны дагуу тээвэрлээгүй бол Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгаад байгааг ажлын хэсгээс тодруулж хэлсэн юм.
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Албадлагын арга хэмжээг юу гэж ойлгох вэ торгуулийн хэмжээг тооцох нэгж ногдуулна гэж байна. Монгол төгрөгөөр торгуулийг ногдуулж болохгүй юу гэсэн асуулт тавьсан.
 
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Албадлагын арга хэмжээнд нэн тустай ажил хийлгэх гэж оруулж ирсэн. Торгуулийн мөнгө төлөх чадваргүй хүнтэй албадлагын арга хэмжээгээр харьцах боломжтой. Тэр хүмүүсээр нэн тустай ажил албадан хийлгэн хүмүүжүүлэх болон нөлөөлөх аргыг хэрэглэнэ. Төгрөгөөр торгох асуудлыг нэлээн ярьсан. Төгрөгөөр торгоно гээд баталчихвал торгуулийн үр нөлөө багаслаа гээд хуулиа байн байн засах хэрэг гарах байх гэсэн болгоомжлол байгаа юм гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлбэл гэмт хэрэгтэн болох уу. Зөрчил гаргасан хүнтэй хэн хариуцлага ногдуулах вэ гэж асуусан.
 
Сайдын хариулснаар, Зөрчилд шийтгэл ногдуулж, гэмт хэрэгт ял оноох бөгөөд зөрчил гаргаад шийтгүүлсэн хүн ял шийтгэл эдэлсэн гэсэн үг биш аж. Сайд шийтгэл, ял хоёрын ялгааг сайн зааглаж ойлгох ёстой гээд зөрчил гаргасан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэр хаяг зүүгдэх учиргүй гэв. Шийтгэлийг улсын байцаагчаас гадна шүүхээс ногдуулах юм байна. Ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Зөрчлийн тухай хуулийг дэмжлээ  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй