Шууд Chart

2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг дахин өргөн барилаа

2014-05-30 09:09:01

Өчигдөр үдээс хойш УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин боловсруулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.

2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн хуулийн төслийг өмнө нь Засгийн газраас өргөн барьж өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан боловч УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэнээр Монгол Улсын өрийн босго болон Үндсэн хуулийг зөрчинө гэж үзэж хойшлуулах санал гаргасан. Санал хураалтаар гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй тул УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Засгийн газарт буцаагаад байсан.
Гэсэн хэдий ч Засгийн газраас дээрх хуулийн төслийг дахин боловсруулж үдээс хойш дахин өргөн барьжээ.
 
Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.880.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.1 хувь буюу 503.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1.017.5 тэрбум төгрөгөөр буюу 20.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан байна.
 
Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 89.1 хувийн биелэлттэй буюу 621.2 тэрбум төгрөгөөр буурсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого буурахад гол нөлөөг үзүүлсэн бол татварын бус орлого 118.6 тэрбум төгрөгөөр давж, 116.9 хувийн биелэлттэй гарчээ. Орлогын албан татвар 194.5 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 337.2 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу төвлөрсөн нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна.
 
Харин хүү торгуулийн орлого 69.7 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл Улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 87.6 хувь, Орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.4 хувь, Хүний хөгжил сангийн орлогын биелэлт 98.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлого 102.5 хувь байлаа. Дээрх мэдээллээс харахад улсын төсвөөс бусад төсвийн орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнд төвлөрсөн байна.
 
2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин хэлэлцэн боловсруулаад, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцээд явна гэдгийг хууль санаачлагч дуулгалаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг дахин өргөн барилаа  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй