
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл ба харьцуулсан эрх зүй” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулав.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон гадаадын эрдэмтэн судлаачид, бусад албаны хүмүүс оролцов.
Хууль зүйн шинэтгэл хийж буйтай холбогдуулан Олон улсын сайн туршлагыг судлан нутагшуулах зорилготой энэхүү эрдэм шинжилгээний хуралд Япон Улсын Васеда их сургуулийн Харьцуулсан эрх зүйн институтийн захирал, профессор Ёшики Курумисава, ХБНГУ-ын Бавари мужийн Захиргааны сургуулийн доктор Юрген Харбих, Сингапурын Их сургуулийн профессор Девид Пучниак, ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений их сургуулийн профессор Бернд Шюнеманн нар урилгаар оролцсон юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэтгэл болон хувийн эрх зүйтэй холбоотой бизнесийн салбар, захиргааны шинэчлэлд тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх гарц энэхүү хурлаас нээгдэнэ хэмээн онцолсон. Мөн тэрээр Төр, иргэн хоёрын харилцаатай холбоотой захиргааны асуудлуудад Герман улсын туршлага загварыг түлхүү нутагшуулах нь зүйтэйг хэллээ.
Гадаадын хуульч, эрдэмтэн судлаачид Монгол Улсын эрх зүйн шинэтгэл хурдацтай байгааг онцлоод компанийн засаглалыг хөгжүүлэх талаар ихэнх улс орон АНУ-ын туршлагыг хардаг ч Азийн улс орнуудын загвараас сонгоно гэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн саналтай санал нэгдэв. Мөн цөөн тооны эзэдтэй дангаараа засаглалаа бэхжүүлэх гэж оролддог Монгол Улсын хувьд Азийн улс орнуудаас загвар авах нь зүйтэй гэж гадаадын эрдэмтэд зөвлөв.
Эрх зүйн шинэтгэл, харьцуулсан эрх зүйн талаарх эрдэм шинжилгээний хурал болов | ||
Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.